
Зургийг: kincoracopper.com
Австрали болон Торонтогийн венчур биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани хаалттай хүрээнд дөрвөн сая австрали доллар татан төвлөрүүллээ. Дотоодын болон олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсныг тус компани онцолж байна.
“Kincora Copper” нэгж нь 1.05 австрали долларын үнэтэй, 3.81 сая хувьцаа нэмж гаргасан бөгөөд энэ нь 15 өдрийн жигнэсэн дундаж ханшнаас нь 1.7 хувийн хөнгөлөлттэй үнэ болжээ.
Зэс-алтны хайгуулд төвлөрдөг тус компани босгосон хөрөнгөө бие даан эхлүүлэх хайгуулын ажилдаа зарцуулахаа мэдэгдсэн байна.
“Kincora Copper” компанийн хувьд Монгол дахь зэс-алтны "Хүрэл үнэг" төслөө ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр эргүүлэн өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан юм.
Дорноговь аймагт, өмнийн говийн зэс порфирын бүсэд орших “Хүрэл үнэг” хайгуулын лицензийн талбай нь 175 км.кв талбайг хамардаг. Тус компани талбайдаа гурван цооногт 46 мянга гаруй метрийн өрөмдлөг хийсэн бөгөөд анхан шатны тооцооллоор 426 мянган тонн зэс, 437 мянган унц алтны нөөцтэй гэж үнэлэгджээ.
Хөрөнгө босгох зорилгоор хувьцааны арилжаагаа түр зогсоогоод байсан “Kincora Copper”-ийн арилжаа ирэх даваа гарагаас хэвийн үргэлжлэхээр байна. Тус компанийн хувьцааны ханш нь сүүлийн таван өдөрт 11 гаруй хувиар өсжээ.