
Зургийг: Монгол Ардын Нам
Сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөв дахин, төсвийн орлого тав дахин, экспорт гурав дахин өссөн ч үр дүнг нь өрхүүд, иргэдэд хүртээж чадаагүй гэдгийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал намынхаа бага хуралд танилцуулсан илтгэлдээ тодотголоо.
Энэхүү өсөлт нь данхар Төр, үрэлгэн төсөв, инфляцад идэгдсэн. Үнэ буулгах гэж татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгсөөр татаасны орон болсныг тэрбээр онцлов.
Мөн гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, 2025 онд 50 хувиар багассан. Хавтгайрсан халамж зорилтот бүлэгт хүрэх ёстой нийгмийн хамгааллыг сулруулж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байгааг тодотголоо. Иймд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийн дөрвөн бодлого хэрэгжүүлэхээ танилцуулав.
Үүнээс гадна прокурорын байгууллагаас авлига албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхирсан шалтгаанаар А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Эдгээр гишүүнийг намаас түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор шийдвэрлүүлнэ. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа МАН-ын гишүүнчлэлээ сэргээлгэх нь нээлттэй гэдгийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал тодотгов.
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал