
Зургийг: Lam Yik/Bloomberg
(Bloomberg) -- 2025 оны IV улиралд Хонконгийн Хөрөнгийн бирж 4.34 тэрбум хонконг доллар буюу 555 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар эрчимжсэн дүн болж байна. Тайлант улиралд тус биржийн үндсэн орлого нь 11 хувиар өссөн бол хувьцааны арилжаа нь 22 хувиар идэвхэжжээ.
Хонконгийн Хөрөнгийн биржид хийгдэх IPO болон хувьцааны арилжаа сэргэхэд хиймэл оюуны салбарын өсөлт болон БНХАУ-д хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн өнгөрсөн онд Хонконгт нийт 119 компани IPO хийж, 36.7 тэрбум ам.доллар босгожээ.
Сүүлийн жилүүдэд харьцангуй сул гүйцэтгэлтэй байсан Хонконгийн Хөрөнгийн бирж өнгөрсөн онд IPO-оор дэлхийд тэргүүлэх байр сууриа эргүүлэн бататгасан байна. Мөн арилжааны болон санхүүгийн шинэ дээд амжилт тогтоосныг тус биржийн Гүйцэтгэх захирал Бонни Чан “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байв.
Хонконгийн Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Бонни Чан
Миний хувьд манай IPO-д хүлээгдэж буй компаниудын жагсаалт төдийгүй биржид бүртгэлтэй компаниудын бүтэц нэлээд төрөлжсөн байгаа нь тодорхой хэмжээнд итгэл төрүүлж байна. Хөрөнгийн зах зээл бүрийн хувьд бүртгэлтэй компаниуд нь үйл ажиллагаандаа хиймэл оюуныг хэр хэмжээнд шингээсэн нь харилцан адилгүй. Харин Хонконгийн биржийн хувьд илүү өргөн хүрээтэй, тэнцвэртэй бүтэцтэй байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн онд Хонконгийн зах зээлд хамгийн өндөр гүйцэтгэл үзүүлсэн салбар бол биотехнологи байсан. Тиймээс бид энэ төрөлжилтийг цаашид хадгалж, бэхжүүлж чадвал зах зээлийн савлагаа, мөчлөгийн хэлбэлзлийг илүү тогтвортой даван туулах боломжтой гэж үзэж байна.