
Зургийг: Anadolu/Bloomberg
(Bloomberg) -- 2050 он гэхэд нэг тэрбум гаруй хүн дүрст робот хэрэглээнд нэвтэрч, зах зээлийн эзлэх хэмжээ нь нэг их наяд ам.доллар хүрнэ гэж “Morgan Stanley” тооцоолжээ.
БНСУ-ын “Hyundai Motor” компани “Tesla” болон БНХАУ-ын зарим компанитай зэрэгцэн хүн дүрст робот хөгжүүлэгчдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор багтах боллоо.
“Tesla”, “Hyundai Motor” зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн хөгжүүлж буй хүн дүрст робот нь цэнэг хураагуураар тэжээгдэж, цахилгаан мотороор хөдөлж, мэдрэгч болон хиймэл оюунаар удирдуулдаг цахилгаан автомашинтай төстэй технологи юм.
“Hyundai Motor”-ийн “Atlas” робот нь хүний гартай ойролцоо хэмжээтэй, мэдрэхүйтэй, 360° эргэдэг үе мөчтэй. Нийт 50 кг хүртэлх ачаа өргөж, хасах цельсийн 20 хэмээс нэмэх 40 хэм хүртэлх эрс тэс нөхцөлд ажиллах чадвартай аж.
Энэхүү роботыг 2028 оноос эхлэн автомашины эд анги багцлах зэрэг олон давтамжтай үйлдвэрлэлийн дамжлагуудад нэвтрүүлж, 2030 он гэхэд илүү төвөгтэй угсралтын ажилд ашиглахыг зорьж буй. Одоогоор албан ёсны үнийг нь зарлаагүй ч 130,000-140,000 ам.доллар байж магадгүйг мэдээлжээ.
“Tesla” компани “Optimus” роботынхоо үнийг цахилгаан автомашинаас ч хямд буюу 20,000-30,000 ам.долларт тогтоохыг зорьж буй. Нөгөө талаас зах зээлд давамгайлж буй БНХАУ-ын хүн дүрст роботууд баруунд үйлдвэрлэсэн загвараас хэд дахин хямд байна. Тухайлбал: “Unitree Robotics” шинэ загвараа ердөө 4900 ам.доллароор санал болгож байгаа бол “Agibot”-ийн ердийн загвараа 14,000 ам.доллароор борлуулж байгаа аж.