logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ-тай хийсэн хэлэлцээ мэдэгдэхүйц ахицтай байсныг Ираны тал мэдэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 27 11:00
    249

    Зургийг: Bloomberg

    АНУ Ираны төлөөлөгчид цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг ирэх долоо хоногт Австрийн Вена хотод үргэлжлүүлэхээр санал нэгдэв

    (Bloomberg) -- Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ, Ираны төлөөлөгчдийн ээлжит бус хэлэлцээ Швейцарын Женев хотноо боллоо. Хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн Дональд Трампын тусгай элч болох Стив Уиткофф болон Жаред Кушнер, Ираныг төлөөлөн тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Аракчи оролцож байгаа юм.

    Энэхүү уулзалтад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Оманы төлөөлөгч “АНУ, Ираны төлөөлөгчид мэдэгдэхүйц ахицтайгаар уулзалтыг дуусгалаа” гэж мэдэгдсэн бол АНУ-ын тал хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

    Оманы Гадаад хэргийн сайд Бадр бин Хамад аль Бусаиди мөн ирэх долоо хоногт Австрийн нийслэл Вена хотод техникийн түвшний хэлэлцээ хийнэ гэдгийг тодотгожээ.

    Дональд Трампын засаг захиргаа Ойрх Дорнодод цэргийн хүчээ зузаатгаж буй ч Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх асуудлыг дипломат арга замаар шийдэх боломж нээлттэй байгааг энэхүү хэлэлцээ харууллаа.

    Уулзалтын хүрээнд бичгээр санал боловсруулах ажлыг Иран улс удирдсан нь АНУ-ын өмнөх засаг захиргааны үед хийгдэж байсан хэлэлцээнээс ялгаатайг онцолжээ.

    Уулзалтын үеэр Ираны төлөөлөгчид АНУ-тай байгуулах цөмийн хэлэлцээрийн төслийг танилцуулсан гэж Катарын “Аль-Жазира” агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжуудын онцолсноор Ираны тал уран баяжуулахаа түр хугацаанд зогсооход бэлэн байгаа бөгөөд цөмийн байгууламжаа татан буулгахаас татгалзаж байгаа аж.

    Ираны эрх баригчид ураны нөөцөө бага түвшинд бууруулах, мөн Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн төлөөлөгчдийг цөмийн байгууламжуудад нэвтрүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ. 

    Дональд Трамп Иранд цохилт өгөх боломжтой гэж хатуу анхааруулсны дараа хурцадмал байдал даамжирсан юм.

    АНУ Ойрх Дорнодод хүчээ зузаатгаж буй нь 2003 онд Ирак руу дайрснаас хойших хамгийн олон тооны цэргийн хүч байршуулсан тохиолдол болж байна.

    Ираны хувьд эн тэргүүний зорилт нь тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдийг сулруулах явдал юм. Хориг арга хэмжээнүүд Ираны эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна валютын ханшид дарамт учруулж буй. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард болон энэ оны эхний сард Иран улс даяар Засгийн газраа эсэргүүцэн жагсахад нөлөөлсөн юм.

    Cэтгэгдэл бичих