
Зургийг: Э.Тэнгис
Банкнууд 2026 оны эхний улиралд аж ахуйн нэгжийн зээлийн шалгуур өөрчлөгдөхгүй, нөхцөл нь бага зэрэг суларна гэсэн хүлээлттэй байгааг Монголбанкны судалгаа харууллаа. Тухайлбал: 2022 оноос хойш арилжааны банкнуудын байгууллагын зээлийн шалгуур дийлэнхдээ суларсаар ирсэн бөгөөд энэ оны эхний улиралд өөрчлөлтгүй байхаар байна.
Оны эхний улиралд зээлийн нөхцөлийн хувьд бага зэрэг суларч ирэхээр байна. Энэ нь эрэлт 2024 оны II улирлаас хойших хамгийн өндөр түвшинд байх хүлээлтээс үүдэлтэй. Эрэлт төвлөрч буй гол салбарууд нь худалдаа үйлчилгээ, барилга болон хөдөө аж ахуйн салбар байна. Үүнийг дагаад нийлүүлэлт өсөх төлөвтэйг судалгаанд дурджээ.
Харин иргэдийн зээлийн шалгуур түүхэндээ хамгийн өндөр дүнгээр чангарах хүлээлт зах зээлд бий болоод байна. Дийлэнх зээлийн ангилал чангарахаар байгаа ба тэр дундаа малчны зээл болон цалингийн зээлийн шалгуур хамгийн их чангарах төлөвтэй байгаа аж. Харин иргэдэд олгох бизнесийн зээлийн шалгуур сулрах хүлээлттэй.
Нөхцөлийн хувьд өөрчлөгдөхгүй бол эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгааг банкнууд илэрхийлжээ. Хэдий тийм боловч өмнөх улирлуудтай харьцуулахад нийлүүлэлт удаашрахаар байгаа юм.
Өнгөрсөн улиралд банкнуудын эх үүсвэрийн өртөг болон санхүүжилтийн боломж иргэдийн зээлийн шалгуур өсөхөд хамгийн гол нөлөө үзүүлсэн байна.