
Зургийг: Alex Kraus/Bloomberg
(Bloomberg) -- Хямралын үеийн бодлогын үр нөлөө үргэлжилсээр байгаа тул Европын Төв банк гурав дахь жилдээ дараалан алдагдалтай ажилласнаа мэдээллээ. Энэ нь тус банкны түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн алдагдалд тооцогдож байна.
2025 онд алдагдал нь 1.3 тэрбум евро буюу 1.5 тэрбум ам.доллар болсон гэж мэдээлсэн нь өнгөрсөн оны 7.9 тэрбум евро буюу түүхэн дэх хамгийн өндөр түвшинтэй харьцуулахад нэлээд буурсан дүн болов.
Үүний зэрэгцээ тус банкны Ерөнхийлөгч Кристин Лагард 2025 онд 595 мянган евро буюу 701.8 мянган ам.долларын цалин авсан гэж мэдээллээ. Мөн түүнд байгууллагаас нь орон сууц олгосон байна. Кристин Лагардын үндсэн цалин өмнөх оноос 5.6 хувиар өссөн гэж Европын Төв банк пүрэв гарагт нийтэлсэн тайландаа дурджээ.
Үүнээс гадна эрүүл мэндийн даатгал, бусад тэтгэмж, нөхөн төлбөрт 100-160 гаруй мянган ам.доллар авсан байна. Ингэснээр цалин, тэтгэмжтэй холбоотой түүнд ирэх шахалт улам нэмэгдэж байна. Кристин Лагардын жилийн цалин нь Холбооны Нөөцийн банк зэрэг бусад томоохон Төв банкнуудын тэргүүнүүдийн цалингаас хамаагүй өндөр байгаа аж.
Кристин Лагард 2027 оны аравдугаар сард найман жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө үүрэгт ажлаа өгч магадгүй гэсэн таамаглал гараад байна.
Үүнээс гадна Европын Төв банкны ажилтнууд мэргэжлийн хөгжил, шударга ёс, ил тод байдлын талд сэтгэл дундуур байгааг сүүлд явуулсан судалгааны үр дүн харуулжээ. Санал асуулгад оролцсон ажилтнуудын 40 хувь нь л карьерын боломждоо сэтгэл хангалуун байсан аж. Мөн 30 гаруй хувь нь сөрөг үр дагавраас айхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй гэж хариулсан байна.