
Зургийг: С.Батсайхан
Газрын зориулалтаас хамааран үл хөдлөх хөрөнгийн үнэд эзлэх жин ялгаатай байгааг “Barilga.MN”-ийн сүүлд хийсэн судалгаа харуулж байна. Тухайлбал: Сүхбаатар болон Баянгол зэрэг төвийн дүүрэгт үл хөдлөх хөрөнгөгүй хоосон газар хамгийн өндөр үнэтэй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг 36-41 хувиар өсгөж байна. Өөрөөр хэлбэл төвийн бүсэд "байршлын үнэ цэн" давамгайлж буйг онцолжээ.
Харин Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгөтэй тохиолдолд үнэ нь 2.2-2.3 дахин өсөж байна. Бэлэн дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө газрын үнэтэйгээ дүйцэхүйц үнэ цэнийг бий болгож байгаа аж.
Нийслэлийн захын дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгө нийт үнийг 200-330 хувиар өсгөж буй нь газрын суурь үнэ хямд боловч дээрх барилга, агуулахын өртөг өндөр жин дарж байгааг илтгэж байна.
Хотын төвд нэг м.кв газрын дундаж үнэ 1.5-2.4 сая төгрөг орчим байгаа бол захын бүсэд нэг м.кв газар дунджаар 10.000-20.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Төв цэгээс 20 км алслагдахад нэгж талбайн үнэ 150-200 дахин буурч буй нь төвлөрөл сааруулах бодлогын шаардлага буйг харуулж байгаа юм.
Үүнээс гадна ижил бүсэд байрлах газруудын хувьд төв замаас алслагдсан эсэх нь үнийг 3-5 дахин өөрчилж байгааг тодотголоо.
Улаанбаатар хот нэг төвт системтэй байгаа нь түгжрэл, утаа, дэд бүтцийн ачааллын гол шалтгаан болж байгаа юм. Энэхүү асуудлыг шийдэх ганц зам нь хотын төвийн "үнэ цэн"-ийг хотын бусад хэсгүүд рүү хуваарилах буюу "олон төвт систем" рүү шилжих явдал гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.