
Зургийг: Bloomberg TV Mongolia
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 онд 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулснаар 7.9 их наяд төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Ингэснээр 1.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, 947 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоолол гаргасан байна.
Мөн 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа онцлов. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл, газрын тос боловсруулах үйлдвэрийн шугам хоолойн барилга угсралтын төслийн санхүүжилтүүд томоохон дүн эзэлж байна.
Түүнчлэн 2026 онд баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 5.4 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа аж. Энэ нь 2025 оны гүйцэтгэлээс 4.6 дахин нэмэгдэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсын иргэдэд 2.4 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан юм.
Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2024 онд 326.5 төгрөг байсан бол 2025 онд 65.55 төгрөг болж буурчээ. Харин 2025 оны цэвэр ашгаас нийт 786 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилна.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангаж, энэ оны есдүгээр сард дотоодод хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.