
Зургийг: Bridget Bennett/Bloomberg
(Bloomberg) -- Зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгчдийн нэг “Nvidia” дахин нэг өөдрөг улирлын орлогын төсөөллөө танилцуулсан нь хиймэл оюуны салбарын өсөлт хүчтэй хэвээр байгаагийн дохио боллоо.
“Nvidia” компани энэ оны санхүүгийн жилийн I улиралд борлуулалт нь 78 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн төсөөллийг танилцуулав. Энэ нь “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр “Wall Street”-ийн шинжээчдийн дундаж таамаг болох 72.8 тэрбум ам.доллароос өндөр үзүүлэлт болж байна.
“Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан сүүлд хийсэн мэдэгдэлдээ харилцагчид хиймэл оюуны тооцоололд асар хурдтай хөрөнгө оруулж байгааг онцолжээ. Мөн тэрбээр “Хиймэл оюун нь аж үйлдвэрийн хувьсгалыг хурдасгах үндэс суурь болж, цаашдын өсөлтийг дэмжинэ” гэж тодотгосон байна.
“Nvidia”-ийн орлогын төсөөлөл хиймэл оюуны салбарт хөөсрөл үүссэн байж болзошгүй гэх хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг намжаахад дэмжлэг болж буй.
“Nvidia” компанийн орлого 2025 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсөж, 68.1 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь шинжээчдийн төсөөлөл болох 65 тэрбум ам.доллароос өндөр дүн болж байна. Мөн засварласан ашгийн маржин нь 75.2 хувьд хүрч, мөн л таамгийг давжээ.
Үүнээс гадна технологийн салбарт нэгэн томоохон эрсдэл хэвээр байгаа нь санах ойн чипийн хомсдол болоод байна. Цахилгаан хэрэгслийн бусад компанийн адил “Nvidia”-ийн бүтээгдэхүүнүүд богино хугацааны өгөгдөл хадгалах санах ойн бүрэлдэхүүнээс шууд хамааралтай аж.
Нийлүүлэлтийн доголдлоос үүдэн санах ойн чипийн үнэ эрс өссөнөөс гадна нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байна.
“Nvidia” орлогын төсөөллөө танилцуулсны дараа энэ онд гүйцэтгэлээрээ хамгийн сул 10 чип үйлдвэрлэгчийн нэгд багтаж байсан тус компанийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар өссөн юм. Харин сүүлийн арилжаа хаагдахад 1.4 хувиар өсжээ.