
Зургийг: С.Батсайхан
Сүүлийн гурван жилийн хугацаанд бүх төрлийн тээврийн ачааны хэмжээ тогтмол өсөлттэй байгаа ч орлого нь төдийлөн өсөлтгүй байгааг статистик мэдээлэл харуулж байна.
2025 онд нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 9.5 хувиар өссөн ч орлого нь өмнөх оноос 5.9 хувиар буурчээ. Авто тээврийн орлого 16.4 хувиар буурсан нь нийт орлого буурахад нөлөөлсөн байна.
Авто тээврийн салбарын хувьд нүүрс тээврийн үйл ажиллагаанд гаднын компаниудын оролцоо их байгаа зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэлд тээврийн салбар ихээхэн алдагдал хүлээж байгаа аж. 2022-2024 оны жилийн эцэст дунджаар 700-800 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2025 онд 37 хувиар буурч, 504 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Төмөр замын ачаа тээвэрлэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй, 2025 онд өмнөх оноос 8.8 хувиар өсжээ. Төмөр замын ачаа тээврийн 89.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол үлдсэнийг нь барилгын материал болон бусад бүтээгдэхүүн эзэлж буй. Хэдий тийм боловч дотоодын цемент үйлдвэрлэгчид болон аж үйлдвэрийн салбарын компаниуд төмөр замын хүчин чадал хангалтгүй, суурь дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг тодотгож байна.
Харин төмөр замаар зорчигчдын тоо тогтмол буурсан хэвээр байгаа бөгөөд үүнд олон улсын төмөр замын зорчигч тээвэр зарим чиглэлд зогссон нь нөлөөлжээ.
Үүнээс гадна агаарын тээврийн ачаа болон зорчигчдын тоо цар тахлаас хойш тогтмол өсөж байгаа аж. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 2.4 сая зорчигч агаарын тээврээр зорчсон нь дээд үзүүлэлт болсон байна. Түүнчлэн дотоодод болон олон улсад тээвэрлэсэн ачааны хэмжээ 20-40 гаруй хувиар нэмэгджээ.