
Зургийг: С.Батсайхан
Төрийн өмчийн эрчим хүчний компаниудын алдагдал нэмэгдэж, 2025 оны хүлээгдэж буй үр дүнгээр 190 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байгааг “Эрчист Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээллээ.
Эрчим хүчний компаниуд 2024 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан ч 130 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2025 онд цахилгааны үнэ тариф нэмсэн ч алдагдал буураагүй. Эрчим хүчний компаниудын өр төлбөр дунджаар 68 хувиар өсөж, бүтэц нь томорч буй ч үнэ цэн нь нэмэгдэхгүй байгааг тодотгож байна.
Компаниудын алдагдлыг бууруулахад тарифыг өртөгт ойртуулахаас гадна зардлын менежмент хийх, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах, засаглалыг сайжруулж, бүтцийг цомхон болгоход “Эрчист Монгол”-ын зүгээс голлон анхаарч байгааг тодотголоо.
Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гол шалтгаан нь Төр өөрөө болж байгаа. Гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн Удирдах Зөвлөлд мэргэжлийн бус хүмүүс томилж, улс төрийн нөлөө их байгааг судлаачид шүүмжилдэг. Иймд Төрийн өмчийн компаниудын реформыг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс эхэлж, хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг тодотгож байгаа юм.