
Зургийг: Mstyslav Chernov/AP
ОХУ-Украины дайн эхлээд тав дахь жилтэйгээ золгоод буй энэ үед дайныг эцэслэх дипломат яриа хэлэлцээ зогсонги хэвээр байна. Украин болон холбоотон улсуудын хувьд долоодугаар сарын дөрвөний өдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баяраас өмнө дайныг эцэслэх тохиролцоонд хүрэхээр Дональд Трампт шахалт үзүүлж байгаа юм. Хэдий тийм боловч Владимир Путин ОХУ-ын тавьж буй гол шаардлага нөхцөлүүдийг хангахаас нааш хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурьтаа бат зогсож буйг Европын тал болон NATO-ийн зүгээс онцолж байна. Энэ он гарснаар Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби болон Швейцарын Женев хотноо гурван удаагийн яриа хэлэлцээ болсон ч шийдэлд хүрээгүй юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар ОХУ-ын тал 1.2 сая хүний хохирол амссанаас 325 мянга орчим нь амиа алдсан гэж Вашингтонд төвтэй Стратегийн судалгааны төвөөс тооцоолсон байна. Харин Украины хувьд 140 мянган хүн амиа алдаж, 600 мянга гаруй хүн бэртэж гэмтэж, сураггүй алга болжээ. Украины дайныг Дэлхийн II дайнаас хойших Европт өрнөж буй хамгийн том мөргөлдөөн гэж шинжээчид тодотгож буй.
Сүүлийн байдлаар Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляейн Украины нийслэл Киев хотноо айлчилж байна. Тэрбээр дайн эцэслэгдэж, Украины нөхцөл дор энх тайвныг цогцлоотол ухрахгүй гэж байр сууриа илэрхийлжээ.