
Зургийг: Э.Тэнгис
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2026 онд нийт 893 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна.
Одоогийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид нийт 32 хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг нээлттэй байршуулаад байна.
2024 онд эдийн засаг цар тахлын дараах сэргэлтэд орж, компаниудын үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэл нэлээд сайн байсан бөгөөд 2025 онд 46 компани ногдол ашиг олгох шийдвэр гаргаж байсан юм. Харин энэ оны байдлаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компанийн тоо буурсан байх төлөвтэй байна.
Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид ногдол ашигт тулгуурлан хөрөнгөө байршуулсан хэвээр байна. Нээлттэй компаниуд сүүлийн нэг жил гаруй хугацаанд 43.7 мянган шинэ хувьцаа эзэмшигчидтэй болсноос дийлэнх нь буюу 38 мянга нь ногдол ашиг олгохоор шийдвэрлээд буй компаниудад төвлөрч байна.
Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн томоохон хэсгийг бүрдүүлж, хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилдаг банкны салбарын хоёр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэр хүлээгдэж байгаа юм.
Үүнээс гадна өнгөрсөн онд үйл ажиллагаа нь удааширсан “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хэмжээ хоёр дахин буурсан нь онцлох үзүүлэлт болж байна. Үүний дараа тус компанийн хувьцааны ханш огцом уналт үзүүллээ.