
Зургийг: Mongol Basalt JSC
“Монгол базальт” ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.61 төгрөгөөр тооцож, нийт 147 сая 248 мянган төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Аудитлагдсан санхүүгийн тайлангаар тус компани өнгөрсөн онд 147.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 7.9 хувиар өссөн бөгөөд нийт ашгийнхаа 99.86 хувийг ногдол ашигт хуваарилахаар байна.
Үндсэн 70 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компаниас, олон нийтэд нээлттэй 30 хувийн хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ҮЦТХТ-өөр олгох юм байна.
“Монгол базальт” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа, ажилчдын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үр ашгийн чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаснаа үйл ажиллагааныхаа тайланд тодотгожээ.
Инфляц болон валютын ханшийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, зохицуулалтын өөрчлөлт зэрэг нь компанийн үйл ажиллагаа санхүүд эрсдэл үүсгэж болзошгүйг дурдсан байна.
Мөн 2025 оны жилийн эцэст компанийн засаглалын кодексийн хэрэгжилт 90.2 хувьтай үнэлэгджээ.