
Зургийг: С.Батсайхан
Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу хөдөлмөрийн бүтээмж 2025 онд 4.8 хувиар өсөж, 6.9 сая төгрөг хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 6.1 сая төгрөгөөс 6.9 сая төгрөг хүртэл тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн онд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарын бүтээмж өссөн бол уул уурхай олборлолтын салбарт буурчээ. Хэдий тийм боловч хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хол зөрүүтэй хэвээр байна. Хөдөө аж ахуйн салбарт 1.7 сая төгрөг байгаа бол уул уурхайн салбарт 15.6 сая төгрөг байгаа юм.
Зуд тохиох болон эрдэс бүтээгдэхүүний үнэ унах нь хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын бүтээмж буурахад нөлөөлж байна.
Монгол Улс үйлдвэрлэлийн бүрэн үе шатыг дамжилгүйгээр хөгжиж буй нь богино хугацаанд эдийн засгийн өсөлт бий болгосон ч төрөлжилт, технологийн дэвшил, чанартай ажлын байр бий болгох боломжийг алдагдуулсан нь урт хугацаанд бүтээмжийг сулруулж буйг Азийн бүтээмжийн байгууллага тодотгов.
Одоогийн эдийн засгийн загвараар явбал 2050 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4672 ам.доллар болж, буурах тооцоолол гарсан байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн оролцооны түвшин 63.6 хувь, ажилгүйдэл 6.4 орчим хувьд хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа аж. Иймд хүн амын оновчтой өсөлтөөс гадна хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсролын салбарыг дэмжсэнээр бүтээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтойг Азийн бүтээмжийн байгууллага онцолж байсан юм.