
Зургийг: С.Батсайхан
2025 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 6.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2024 онд 4.9 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт ийнхүү эрчимжихэд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, мөн Оюутолгой төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын сайн үзүүлэлт гол хөдөлгөгч хүч болсон байх магадлалтай. Монголбанкнаас 2025 оны өсөлт 5.8 хувьтай байх төсөөлөл танилцуулж байсан бол Азийн Хөгжлийн Банк 6.6 хувьд хүрч эрчимжинэ гэж төсөөлж байсан юм.
Өнгөрсөн жилүүдэд зудаас үүдсэн малын хорогдол хөдөө аж ахуйн салбарыг доош татаж, улмаар 2024 онд эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж байв. Харин өнгөрсөн онд тус салбар хурдацтай сэргэж, 2025 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 2.9 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Харин 1.5 нэгж хувийг барилга, үйлдвэрлэлийн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхайн салбар, нэг нэгж хувийг үйлчилгээний салбар тус тус бүрдүүлжээ.