
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Оны эхний сард АНУ-ын инфляц 0.2 хувиар буюу харьцангуй сул гарснаар Холбооны Нөөцийн банк оны хоёрдугаар хагаст бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт нэмэгдлээ.
Сүүлийн жилүүдэд нэгдүгээр сарын инфляцын үзүүлэлтүүд нэлээд өндөр гарч байсан. Компаниуд оны эхээр үнээ өсгөх хандлагатай байгаа нь үнийн өсөлт хүлээлтээс өндөр байхад нөлөөлсөн гэж хэлж болно. Энэ шалтгааны улмаас эдийн засагчид нэгдүгээр сарын инфляцын төсөөллөө нэмэгдүүлсэн байна. Аж ахуйн нэгжүүд тарифаас үүдэлтэй зардлын өсөлтийг хэрэглэгчдэд дамжуулна гэсэн таамаглаж дэвшүүлж байсан юм.
Хэдийгээр үйлчилгээний зардал өнгөрсөн сард өссөн ч гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой хэвээр байсныг харж болохоор байна. Хэрэглээний үнийн ерөнхий индекс жилийн дүнгээр 2021 оноос хойш хамгийн бага дүнгээр өсжээ.
Инфляцын өсөлт ийнхүү харьцангуй саарснаар зах зээлд оролцогчид тайвширсан гэж хэлж болохоор байна. АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж буурч, “S&P 500 Index” хэлбэлзсэн. Мөн арилжаачид Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүг гурван удаа бууруулна гэсэн хүлээлттэй байна.
"Өнөөдрийн тайлан урам зориг өгч байна" гэж “Wells Fargo”-ийн шинжээчид мэдээллээ. "Тарифын улмаас үүссэн үнийн өсөлт нь инфляцын дата үзүүлэлтэд бүрэн нөлөөлөөгүй байж магадгүй ч бид үнийн өсөлтийн эхлэлээс илүү төгсгөлд ойрхон байна" гэж тодотгосон байна.
Чикагогийн Холбооны Нөөцийн банкны тэргүүн Остин Гулсби “Хэрэв инфляц хоёр хувийн зорилтот түвшинд хүрэхэд ойртвол Төв банк бодлогын хүүг бууруулах боломжтой. Гэхдээ яг одоо тийм нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй байгаа”-гаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Хүүгийн түвшин өнөөдрийнхөөсөө илүү буурч магадгүй. Бүр хэд хэдэн удаа бууруулж болно. Хэдий тийм боловч инфляц яг одоо гурван хувийн түвшинд гацсан байна” гэж дурджээ.