
Зургийг: С.Батсайхан
Улсын нэгдсэн төсвийн тэнцэл нэгдүгээр сард 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдлын хэмжээ 67.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Татварын орлого 1.6 их наяд төгрөг болж, 9.3 хувиар өсөхөд нийгмийн даатгалын орлого болон НӨАТ 16.5-58.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Эдгээр нь татварын нийт орлогын 53 хувийг бүрдүүлж буй.
Харин онцгой албан татварын орлого 50.3 хувиар буурахад автомашины импорт буурсан нь нөлөөлсөн байна.
Мөн АМНАТ 71.8 хувиар буурсан нь анхаарал татаж байгаа юм. Нэгдүгээр сард уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 68 хувиар нэмэгдэж, чулуун нүүрс, зэс, төмрийн хүдэр, баяжмалын экспорт өссөн ч АМНАТ-ийн орлого өндөр хувиар буурсан дүнтэй байна. Зарлага талдаа 2.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурлаа.
Хүүгийн зардал болон Засгийн газрын урсгал шилжүүлгийн дүн 34-40 орчим хувиар буурсан бол бараа үйлчилгээний зардал 13 хувиар нэмэгджээ.
Төсвийн нийт зарлагын 12 хувийг хөрөнгийн зардал бүрдүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс нийт дүнгээрээ буурсан ч их засварын зардал 18.3 дахин өссөн байна.
УИХ 2026 оны төсвийг батлахдаа төсөлд тусгаагүй байсан 115 шинэ төслийг нэмж баталснаар нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөгөөр, 2026 оны санхүүжилт 227.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг судлаачид танилцуулсан юм.
Зураг төсөвгүй, газрын асуудал шийдэгдээгүй, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг бодитой тооцоолоогүй төслүүдэд хөрөнгө оруулалт баталж байгаа нь хэрэгжилт удаашрах, төсөвт өртөг нэмэгдэхэд нөлөөлж буйг онцолж байв.