
Зургийг: Шивээ-Овоо ХК
“Шивээ-Овоо” ХК 2025 онд 125.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Орлого нь өмнөх оноос 13 орчим хувиар өссөнөөр 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Үүнээс гадна 206.7 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөртэй байгааг санхүүгийн тайландаа мэдээлжээ.
“Шивээ-Овоо” нүүрсний орд нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тус компани төвийн эрчим хүчний системийн нүүрсний хэрэглээг хангаж, Дулааны IV цахилгаан станц, Амгалан дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж байна.
“Шивээ-Овоо” ХК нийт 13.4 сая ширхэг хувьцаа эргэлтэд гаргаад байгаа аж. Нэгж хувьцааны ханш нь тогтвортой 2652 төгрөгт арилжааг хааж, зах зээлийн үнэлгээ нь 35.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Харин “Шарын гол” ХК 2025 онд 106.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа санхүүгийн тайландаа мэдээллээ. Өмнөх онтой харьцуулахад төдийлөн өсөлтгүй, 0.7 орчим хувиар нэмэгдсэн байна.
Эрчим хүчний нүүрс нийлүүлдэг тус компанийн ашиг 2025 онд эрс буурч, жилийн эцэст 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Мөн өр төлбөрийн дүн нэмэгдэж, нийт 102.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг санхүүгийн тайлангаас нь харж болохоор байгаа юм.
“Шарын гол” компанийн нэгж хувьцаа өмнөх өдрийн хаалтын ханшаар 1192 төгрөг байсан бол зах зээлийн үнэлгээ нь 14.8 тэрбум төгрөгтэй дүйцэж байна.
Тус компанийн 90.26 хувийг “Хай Би Ойл” ХК, “Shg Holdings” зэрэг нөлөө бүхий долоон хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа аж.