
Зургийг: ett.mn
Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж буйгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдэгдлээ.
Хөрөнгө оруулагч борлуулалтын орлого хуваалцах загвараар саналаа ирүүлнэ. Мөн олборлох, боловсруулах, борлуулах, тээвэрлэх дамжлага багтаасан дэд бүтэц, бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлагатай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ямар нэгэн санхүүжилт гаргахгүйгээс гадна тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй. Төсөл хэрэгжих хугацаанд Монголын талд ногдох өгөөж 51 хувиас багагүй байх зарчим баримтлах шаардлагатайг тодотголоо.
Бортээгийн орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд 95 хувь нь сул коксжих, таван хувь нь эрчим хүчний нүүрс байна. Жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайг 30 жилийн хугацаанд ашиглах ТЭЗҮ-ийг 2020 онд баталсан юм.
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтад нэг сарын хугацаанд материал хүлээн авах юм байна.