
Зургийг: С.Батсайхан
Нэгдүгээр сарын байдлаар эрчим хүчний импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар буурсныг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ. Үүнд ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ 58.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр нэгдүгээр сард импортолсон эрчим хүчний хэмжээ 2025 онд эрс өсөлттэй байсан аж.
Энэ өвөл эрчим хүчний оргил ачаалал 1804 МВт хүрсэн, мөн Дулааны IV цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн гэмтэл гарснаар эрчим хүчний хязгаарлалт 10 гаруй хоног үргэлжилсэн юм.
Хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт эрчим хүчний хэрэглээ 1379.9 МВт байгааг Диспетчерийн Үндэсний төв мэдээллээ. Үүнээс 1243.7 МВт-ийг дотоодын цахилгаан станцуудын эх үүсвэрээр, 18.3 МВт-ийг импортоор, 108.5 МВт-ийг салхин станцын эх үүсвэрээр хангаж байна.
2025 оны эцсийн байдлаар 681 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчний найман төсөл арга хэмжээ хэрэгжиж буйг салбарын сайд мэдээлж байсан юм.
Сэлэнгэ аймагт шинээр баригдаж буй 70 МВт дулааны цахилгаан станц 2026 онд ашиглалтад орно. Мөн 2027-2028 онд Баянгийн 660 МВт цахилгаан станц, 2028-2029 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц дахин 300 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр байна.