
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) – Польш улсын нэгэн компанийн захирал Яцек Свидерски 1990-ээд онд Германд суралцаж байхад эх орон нь хэзээ нэгэн цагт хүчирхэг том хөршийнхөө сүүдрээс гарна гэдэг боломжгүй мэт түүнд санагдаж байжээ. Тэр үед Польш улс коммунизмаас дөнгөж салж, эдийн засгаа гадаадын хөрөнгө оруулагчдад нээж эхэлж байлаа.
Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн ч Яцек Свидерскийн байгуулсан интернэт үйлчилгээний компани хэвээр ажиллаад зогсохгүй бүр ХБНГУ-ын аялал жуулчлалын гурав дахь том цахим платформыг худалдан авч тэлээд байна. Түүний “Wirtualna Polska Holding SA” компани Германы “Invia Group”-ийг 240 сая еврогоор өөртөө нэгтгэсэн нь сүүлийн жилүүдэд Польшийн компаниудад борооны дараах мөөг шиг олширсон худалдан авах хэлцлүүдийн ердөө нэг жишээ юм.
“Bloomberg”-ийн эмхэтгэсэн мэдээллээс харвал зөвхөн өнгөрсөн онд БНПУ-ын компаниуд Баруун Европын 22 компанийг худалдан авах хэлцлээ зарласан нь түүхэн өндөр үзүүлэлт болсны сацуу энэ онд дахин дөрвөн хэлцлийн ажил үргэлжилж байна. Түүнчлэн дээрх хэлцлүүдээс ес нь ХБНГУ-ын автомашин, мэдээллийн технологи, хүнс үйлдвэрлэлийн салбарыг хамарсан худалдан авалтууд байсан аж.
“Польшийн эдийн засаг мэргэшил, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны цар хүрээгээр Германыг гүйцнэ гэдэг миний хувьд төсөөлөлд буумгүй байлаа. Манай хийсэн хэлцэл болон бусад польш компаниудын худалдан авалт нь бид хэр хол явж чадсаныг харуулж байна” хэмээн Яцек Свидерски “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Хэдийгээр Польшийн улс төрийн байдал тогтворгүй, цалингийн зардлын огцом өсөлт болон хиймэл оюун зарим салбарын үйл ажиллагаанд заналхийлж буй ч эдийн засаг нь нэг их наяд ам.долларт хүрч өсөж, бүс нутгийн хүчтэнүүдийн эгнээнд нэгдээд байна. Ингэснээр өөрчлөлт дэвшилд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан бусад орнуудад өдгөө хүч чадлаа гайхуулах түвшинд хүрээд буйг польш компаниудын хийж буй хэлцлүүд илтгэж байна.
Польш улс 2004 онд Европын Холбоонд нэгдэх үед нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь ХБНГУ-ынхаас дөрөв дахин бага байлаа. Тэр үеэс Герман Польшийн хамгийн том хөрөнгө оруулагч нь болж, 20 жилийн хугацаанд хөршийнхөө автомашин үйлдвэрлэл, инженерчлэл, жижиглэн худалдаа зэрэг салбаруудад 75 тэрбум гаруй ам.доллар зарцуулсныг Польш улсын Төв банкны дата харуулж байна.
Харин одоо энэ зөрүү нарийсаж, Германы нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Польшийнхоос ойролцоогоор хоёр дахин өндөр болсон байна. Европын хамгийн том эдийн засагтай тус улсад өсөлт удааширсан нь Польшийн компаниудад эх орондоо босгосон нөөц хөрөнгөөрөө Германы компаниудыг худалдан авах боломж нээж өгчээ.
Тус улсын Ерөнхий сайд Дональд Туск өнгөрсөн долоо хоногт Германы нэгэн хэвлэлийн “Польшууд айсуй” гарчигтай нийтлэлийг эш татаж, “Сүүлийн 30 жилд энэ ойлголт яаж өөрчлөгдсөнийг хараарай. Польшийн компаниуд Барууны нэр хүндтэй брэндүүдэд зарагдах биш, тэднийг худалдан авдаг болсныг Германы хэвлэл бичсэн байна” хэмээн X хуудастаа пост оруулжээ.
Тэдгээр худалдан авагчдын нэг нь Польшийн технологийн “Spyrosoft SA” фирм. Жилийн өмнө тус компани Берлинд төвтэй инженерчлэл, IT үйлчилгээний “Embeddeers GmbH”-ийг худалдан авсан бөгөөд одоо өөр нэг компанийг авахаар ярьж буй аж. “Spyrosoft”-ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Конрад Вайскегийн үзэж буйгаар Герман дахь тэлэлт нь салбарт явагдаж буй бүтцийн өөрчлөлтийг бас илтгэх аж. Харилцагчид зүгээр л IT мэргэжилтэн хөлслөхийн оронд өөрсдөд нь тусгайлан зориулсан үйлчилгээг эрэлхийлдэг болсныг тэрбээр хэлж байлаа. Тиймээс дотоодынхоо зах зээлийг нарийн ойлгодог орон нутгийн түншүүд, бизнесүүдийг олох шаардлага үүсэж буй аж.
Энэхүү идэвхжил нь Польшийн сул талыг мөн тодотгон харуулж байна. Европын өөр ямар ч улс IT, санхүү, хүний нөөцийн салбарт Польш шиг их гадаадын хөрөнгө оруулалт татаж чадаагүй. Ингэснээр тус улс хиймэл оюун ашигласан ажлын байрны автоматжуулалтаас үүдэх эрсдэлд илүү эмзэг болж байгаа юм. Польшид мөн цалин эрс өссөн тул бага зардлаар үйлчилгээ үзүүлдэг давуу талаа алдана гэсэн үг.
Хэдий тийм боловч одоогийн Польш улс 100 гаруй жилийн өмнө тусгаар тогтнолоо эргүүлэн олж авснаас хойших хөгжил дэвшил, хүч нөлөөллийн дээд цэгтээ хүрээд байна. 20 жилийн өмнө Европын Холбооны гишүүн болсноос хойш тус улсын нэг хүнд ногдох цэвэр хөрөнгө оруулалтын цэвэр дүнгээр бусад бүх улсыг давж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь гурав дахин өсжээ. Эдийн засаг нь өнгөрсөн онд 3.6 хувиар өссөн бол Германых 0.2 хувиар өссөн байна.
“Польш улс хөгжингүй орны статуст ойртох тусам бид урт хугацаанд хадгалагдсан нэгэн чиг хандлага өөрчлөгдөхийг харж эхэлж байна. Манайх гадаадын хөрөнгө оруулалт татдаг улсаас гадаадад хөрөнгө оруулалт хийдэг улс болж байна” хэмээн Варшав хот дахь Польшийн Эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүн зөвлөх Доминик Копински онцолж байлаа.