
Зургийг: Maika Elan/Bloomberg
(Bloomberg) -- Хувцас загварын компаниуд уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллөө бууруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авахгүй тохиолдолд 2030 он гэхэд салбарын ашиг 34 хувиар агших эрсдэлтэйг “Apparel Impact Institute” шинэ судалгаандаа онцоллоо.
Дээрх судалгаанд карбон, түүхий эд, эрчим хүчний үнэ өсөх гэсэн гурван гол эрсдэл ирэх дөрвөн жилд компаниудын ашигт ажиллагаанд хамгийн том дарамт учруулахаар байгааг тодотгосон байна.
Цаашлаад хувцас загварын брэндүүд зардал төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэртээ уур амьсгалын нөлөөллийг тооцохгүй бол дээрх эрсдэлүүдийн нийлбэр нөлөө компаниудын ашиг орлого болон урт хугацааны өрсөлдөх чадварыг доош татахыг анхааруулсан байна.
Хэрэв дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар байвал 2030 он гэхэд тус салбарын компаниудын үйл ажиллагааны маржин гурван нэгж хувиар, цэвэр ашиг нь 34 хувиар агших боломжтойг тооцоолжээ. Цаашлаад 2040 он гэхэд 1.8 их наяд ам.доллароор хэмжигдэж буй дэлхийн хувцас загварын зах зээлийн үнэлгээний 70 хувь арчигдах магадлалтайг дурдсан байна.
“Apparel Impact Institute”-ийн тооцоолж буйгаар хувцас загварын салбар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 50 хувиар зайлшгүй бууруулах хэрэгтэй. Хэрэв зорилтдоо хүрч чадахгүй бол 2030 оноос хойш салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоолох асуудал хяналтаас гарахаар байгааг анхааруулжээ.