
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Сүүлийн өдрүүдэд Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш огцом хэлбэлзэлтэй байна. Лхагва гарагийн Азийн арилжаагаар хувьцаа нь 14 хүртэлх хувиар өссөн нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом хөдөлгөөн боллоо.
Тус компанийн Монгол дахь охин компани болох "Энержи Ресурс" ХХК, "Хангад Эксплорейшн" ХХК Тавантолгойн бүлэг ордын эзэмшлүүдийнхээ 60 хувийн өгөөжийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байгаа. Мөн тус компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн урьдчилсан төсөөллүүд гарч буй нь ханшийн хэлбэлзэлд нөлөөлж байж болзошгүй байна.
Хоёрдугаар сар гарсаар “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны арилжааны хэмжээ эрс нэмэгдэж, 16 хүртэлх хувийн өсөлт, уналт үзүүлжээ. Лхагва гарагийн арилжаагаар мөн идэвх өндөртэй, 14 хувиар өсөөд байна.
Тус компанийн хувьцааны ханш нь огцом өссөний дараагийн өдөр ихэвчлэн өсөлт үргэлжлэх хандлагатай байгааг өмнөх жишээнүүд харуулж байна.
Сүүлийн нэг жилд “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа 87 хувиар өссөн бол ижил түвшний компаниудынх нь хувьцаа 0.4 хувиар л өссөн байгаа юм.
“Bloomberg Intelligence”-ийн шинжээч Эндрю Чений төсөөллөөр тус компанийн 2025 оны ашиг хүлээлтээс тааруу байх өндөр магадлалтай байна. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад хоёрдугаар хагаст сул байсан нь үүнд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн санхүүгийн үзүүлэлтэд алтны үйл ажиллагаа нь дорвитой нөлөөлөх цаг хараахан ирээгүй гэж үзжээ. Хэдий тийм боловч “Mongolian Mining Corporation” компанийн бэлэн мөнгөний урсгал хангалттай хэвээр, 2026 онд үйл ажиллагаа нь 2025 оноосоо харьцангуй сайн байна гэж “Bloomberg Intelligence” таамаглалаа.
Нүүрсний үнэ уналттай байгаа ч тус компанийн хувь эзэмшдэг “Баян хөндий” төслийн алтны үйлдвэрлэл өнгөрсөн IV улирлаас эхэлсэн юм. Ингэснээр “Mongolian Mining Corporation” зөвхөн алтны бизнесээсээ жилд 150 сая ам.долларын хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх орлого төвлөрүүлж чадна гэж үзжээ.
Ялангуяа 2030 онд тус компанийн 350 сая ам.долларын бондын хугацаа дуусахаас өмнө санхүүгийн нөөцөө хангалттай сэргээхэд тусална гэж таамаглаж байна. “Mongolian Mining Corporation”-ийн бонд мөн салбарын өрсөлдөгчдөөсөө илүү тогтвортой, хүчтэй байгааг “Bloomberg Intelligence” тодотголоо.