
Зургийг: mongolia.gov.mn
"Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг 2026 онд багтаан дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар олгосныг Засгийн газар мэдээллээ.
Нийт 658.5 сая ам.доллароор хэрэгжих V цахилгаан станцын төслийн нийт өртгийн 80 хувийг нь тендерээр сонгогдсон Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцах бол үлдсэн 20 хувийг нийслэлээс санхүүжүүлэх юм.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй.
Тус бүрдээ 150 мегаватт хүчин чадалтай хоёр блокоос бүрдэх тус станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх бөгөөд 2027 онд угсралт, суурилалтын ажлууд хийгдэж, 2028 оны эхний хагаст үе шаттайгаар ашиглалтад оруулна гэж тооцоолжээ.
Станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.