
Зургийг: mining.com
Дэлхийн ураны зах зээл 2026 оныг маш эрчтэй эхлүүлээд байна. Ураны спот үнэ нэгдүгээр сард л гэхэд 25 хувиар өсөж, сүүлийн хоёр жилд анх удаа фунт тутамдаа 100 ам.доллар давсан юм.
Ураны үнэ 2024 онд тогтоосон оргил түвшиндээ ойртож байгаагаас гадна үнийн өсөлтөд дэмжлэг болж буй хүчин зүйлс өнгөрсөн оныхтой харьцуулахад хамаагүй олон байна гэж “Sprott Asset Management” шинэ тайландаа онцолжээ.
Өнгөрсөн оны эхний хэдэн сард ураны үнэ буурсан ч оны хоёрдугаар хагаст 60 ам.доллароос сэргэж, 80 ам.доллар хүртэл өссөн байна.
Хөрөнгө оруулагчид цөмийн байгууламжууд зэрэг эцсийн хэрэглээнээс илүү нийлүүлэлтийн сүлжээнд буюу ураны олборлолт, баяжуулалтад илүү их хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж “Sprott Asset Management”-ийн ETF арилжааны нэгж хариуцсан захирал Жейкоб Уайт мэдээлжээ. Түүнчлэн зарим бодлогын үндсэн зарчмууд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт эергээр нөлөөлж эхэлснийг онцолсон байна.
“Sprott Asset Management” компани нь ураны хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд энэ онд л гэхэд ураны хөрөнгө оруулалтын сандаа нэмэлтээр дөрвөн сая фунт стерлинг оруулсан аж. Ингэснээр салбарт оруулсан нийт хөрөнгө нь 79 сая фунт стерлингээр хэмжигдэж буй.
Сүүлд гаргасан тайланд “Sprott Asset Management”-ийн шинжээч АНУ-ын Засгийн газрын баталсан Чухал ашигт малтмалын тухай 232 дугаар хуулийг онцолжээ. Хуульд “Уран нь АНУ-ын эрчим хүч, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг тодорхой тунхагласан” гэж тодотгосон байна.
Стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх нь бодлогын дэмжлэгийг сайжруулах, АНУ-ын Засгийн газраас тус салбарт чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нөлөөлөх юм. Үүнд сүүлд зарласан 2.7 тэрбум ам.долларын санхүүжилт зэрэг багтана.
Түүнчлэн 2025 оны 12 дугаар сард Казахстан улс ураны хайгуулын хяналтаа чангатгасан нь зах зээлийн өсөлтийн шийдвэрлэх мөч болсон гэж тайланд онцолжээ. Казахстаны Төрийн өмчит “Kazatomprom” компанийн тодотгосноор ураны одоогийн үнэ нь ирээдүйд олборлолтоо нэмэгдүүлэхэд шаардлагатай өгөөж өгөхгүй байгаа. Тиймээс ураны үнэ өсөхгүй бол ирэх жилүүдэд нийлүүлэлт хязгаарлагдах болно гэж мэдэгдсэн байна.
Дэлхий даяар уурхайн хөгжлийн явц удаан, хөрөнгө оруулалт бага байгаа нь нийлүүлэлтийн хомсдолыг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг “Sprott Asset Management” уурхайнуудын гарцаас иш татан мэдээлэв. Мөн цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдэж, хиймэл оюуны дата төвийн бүтээн байгуулалт үргэлжилж буй нь нийлүүлэлтийн асуудлыг улам хурцатгах төлөвтэйг онцолжээ.