
Зургийг: Justin Sullivan/Bloomberg
(Bloomberg) -- “Alphabet” компани хиймэл оюуны амбицлаг төлөвлөгөөгөө санхүүжүүлэхээр бонд арилжаалж, 20 тэрбум ам.доллар татан төвлөрүүллээ.
Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй ам.долларын бондын арилжаанд тооцогдож байна. “Alphabet” анх 15 тэрбум ам.долларыг босгохоор төлөвлөж байсан ч захиалгын хэмжээ бүх цаг үеийн дээд түвшинд хүрснээр дээрх дүнг нэмэгдүүлжээ.
Нийт 100 тэрбум гаруй ам.долларын захиалга ирсэн нь хөрөнгө оруулагчид технологийн салбарын урт хугацааны өсөлтөд итгэлтэй байгааг харуулж байна.
“Alphabet” компани Швейцар болон Их Британид анх удаа бонд гаргаж, тэр дундаа 100 жилийн хугацаатай бонд санал болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ нь 1990-ээд оноос хойш технологийн компани энэ төрлийн бонд гаргасан анхны тохиолдол болох юм.
Энэ онд “Alphabet” 185 тэрбум долларыг дата төв, дэд бүтэц, хиймэл оюуны чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь сүүлийн гурван жилд дээрх чиглэлд хийсэн нийт хөрөнгө оруулалтыг нь давсан үзүүлэлт аж.