
Зургийг: Bloomberg TV Mongolia
Энэ оны эхний нэг сарын хугацаанд 843 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортоор худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан дүн болсныг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.
Импортын нийт үнийн дүнгийн 26 хувийг нефтийн бүтээгдэхүүн, найман хувийг суудлын автомашин, 2.5 хувийг цахилгаан, эрчим хүч бүрдүүлжээ.
Суудлын автомашины худалдан авалт нэгдүгээр сард эрс буурсан нь импорт буурахад нөлөөлсөн гэж харж болохоор байна. Нийт 66.1 сая ам.доллароор 6000 суудлын автомашин худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 9900-аар буурсан үзүүлэлт боллоо.
Харин нефтийн бүтээгдэхүүнээс АИ-92 автобензины худалдан авалт өмнөх оны мөн үеэс 39 хувиар нэмэгдэж, 113 мянган тонн давжээ. Мөн АИ-95 автобензины татан авалтын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн бол онгоцны болон дизель түлшний импорт бага зэрэг буурсан байна.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс улаанбуудайн импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс ес дахин нэмэгдсэнийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед 1.3 мянган тонн улаанбуудай импортоор худалдан авч байсан бол энэ оны эхний сард 11.5 мянган тонныг худалдан авчээ.
Өнгөрсөн намар ургац хураалт тааруу байсан тул энэ онд 100 мянга орчим тонн улаанбуудай импортоор худалдан авах шаардлага байгааг салбарын яам мэдээлж байсан юм. Үүнээс гадна Гаалийн Ерөнхий Газрын мэдээллээр цагаан будааны импортын хэмжээ 6.5 дахин өссөн байна.