
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрлээ. 2026 оны нэгдүгээр сарын эцэст гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар хүрснээр тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Экспортолсон бараа, түүхий эд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш өсөх хандлагатай байгаа юм. Оны эхний сард 1.7 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 71.6 хувиар буюу эрс өссөн үзүүлэлт болж байна.
Харин импортоор нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ 13.4 хувиар өсөж, харьцангуй тогтвортой байсан нь гадаад худалдааны тэнцэл сарын дээд амжилтаа тогтооход нөлөөлжээ.
Алтны ханш нэгдүгээр сард түүхэн дээд түвшинд хүрэхтэй зэрэгцээд экспорт 2026 оныг өндөр эрчтэй эхлүүлсэн юм. Өнгөрсөн сард 1.06 тонн алт 166.5 сая ам.доллароор экспортолсон нь 2017 оноос хойших хамгийн өндөр дүн боллоо.
Мөн өнгөрсөн оны эцэст дээд түвшинд хүрээд байсан зэсийн экспорт түүхэн өсөлтөө үргэлжлүүлж, тайлант хугацаанд 221.7 мянган тонн зэсийн баяжмалыг 725.9 сая ам.доллароор экспортолжээ.