
Зургийг: Toru Hanai/Bloomberg
(Bloomberg) -- Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи ээлжит бус сонгууль зарлан явуулж, улс төрийн том мөрий тавьсан нь амжилттай боллоо. Эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүлсэн эвсэл Парламентын доод танхимын 465 суудлаас 352 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулснаар Санаэ Такаичи Японыг дотооддоо болон олон улсын хүчирхэгжүүлэх алсын хараагаа урагшлуулах үүд нээгдэж байна.
Түүнчлэн Либерал Ардчилсан нам дангаараа 316 суудал авснаар Дэлхийн II дайнаас хойш Парламентын доод танхимд хамгийн олон суудалтай улс төрийн нам болж байгаа юм. Харин Либерал Ардчилсан намын одоогийн эвслийн түнш Японы Инновацын нам 36 суудал авсан бол сөрөг хүчний намууд нийлээд 113 суудалтай боллоо.
Сонгуулийн өмнө Санаэ Такаичи хэрэв сонгуулиар нам нь олонх болж чадахгүй бол Ерөнхий сайдын суудлаас огцрохоо амлаж байсан юм.
Либерал Ардчилсан намын тэргүүлсэн эвсэл Парламентын доод танхимд олонх болсноор аливаа хууль тогтоомжийг батлахад саадгүй болохоос гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, маргаантай асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.
Либерал Ардчилсан нам сонгуульд ялах магадлал өндөр байсан учраас хөрөнгө оруулагчид аль хэдийн Японы хувьцаануудыг худалдан авч, иен болон Засгийн газрын бондуудыг зарж эхэлжээ. Энэ нь Санаэ Такаичи эдийн засгаа дэмжихийн тулд төсвийн зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой аж.
Даваа гарагт Японы хувьцааны жишиг индекс бараг дөрвөн хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн бол сүүлийн үед тус улсын төсвийн тогтвортой байдалд үүссэн болгоомжлолоос болж нэлээд савласан иений ханш, Засгийн газрын бондын өгөөж тогтворжлоо.
Японы Сангийн сайд Сацүки Катаяама шаардлагатай бол даваа гарагт мэдэгдэл хийхээ илэрхийлжээ. Тэрбээр Япон болон АНУ-ын байгуулсан санамж бичигт зах зээлийн суурь нөхцөлтэй нийцэхгүй, огцом хэлбэлзэл гарсан тохиолдолд шийдэмгий арга хэмжээ авахаар тусгасныг дахин сануулсан байна.