
Зургийг: Zhongcai Merchants Investment Group Co.
(Bloomberg) -- Алтны рекорд эвдсэн ханшийн өсөлтийг “хөлөглөж” нэрд гарсан БНХАУ-ын тэрбумтан арилжаалагч Биань Шимин өдгөө мөнгөний цойлсон өсөлт рүү овоо хараагаа чиглүүлж, ханшийн уналтад нь 300 сая шахам ам.долларын мөрий тавьжээ.
Олны нүднээс нуугдаж, Гибралтард ихэнх цагаа өнгөрүүлдэг тэрбээр 2022 оны эхэн үеэс эхлэн Шанхайн Фьючерс биржид алтны фьючерс гэрээнүүдэд хөрөнгө оруулснаар гурван тэрбум орчим ам.долларын ашиг олсон байна. Харин одоо тус бирж дэх мөнгөний арилжаанд хамгийн өндөр дүнтэй богино позицыг Биань Шимин эзэмшиж буйг биржийн датанд хийсэн "Bloomberg"-ийн тооцоолол болон ойрын эх сурвалжуудын мэдээлэл харуулж байна.
Биань Шиминий энэхүү нүсэр “short” төдий чинээ хэмжээний эрсдэл дагуулж буй. Мөнгөний зах зээлд ханш савлагаатай байсны улмаас тэрбээр тодорхой хэмжээний позицоо алдагдалтай зарахад хүрсэн аж. Хэдий тийм боловч одоо 450 тонн мөнгө буюу 30 мянга гаруй гэрээнд богино позиц барьж байгаа тул өнгөрсөн долоо хоногт мөнгөний ханш огцом унахад тэрбээр цаасан дээрх дүнгээр хоёр тэрбум юань буюу 288 сая ам.долларын ашиг хийжээ.
Өмнөх алдагдлуудыг нэмж, мягмар гарагийн байдлаарх ханш болон позицын дүн дээр нь суурилж тооцвол Биань Шимин энэ арилжаанаас нэг тэрбум гаруй юанийн цэвэр ашиг олохоор байна. Пүрэв гарагт мөнгөний ханш 16 гаруй хувиар унаж, баасан гарагт ч үргэлжлэн буурсан тул Биань Шиминий ашиг даацтай нэмэгдэх нь дамжиггүй боллоо.
Тэрбээр өөрийн эзэмшдэг брокерын компани “Zhongcai Futures Co.”-оор дамжуулж нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногоос эхлэн мөнгөний богино позицоо нэмэгдүүлж эхэлснийг биржийн мэдээлэл харуулж байна. Нэгдүгээр сарын 28-ны байдлаар "Zhongcai"-ийн мөнгөний богино поциз 18 мянган лот болж эрс өссөн бол мөнгөний ханш түүхэн дээд түвшинд хүрч байсан нэгдүгээр сарын 30-нд бүр 28 мянган лот болж нэмэгджээ.
Хятадын “Big Short”
Ханшийн огцом савлагаа нь зах зээлд оролцогчдод үнэт металл арилжаалах арга барилаа төрөлжүүлэх сэдэл өгч буй энэ үед Биань Шимин дээрх мөрийг тавиад байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дийлэнх нь бодлогын хүүгийн өөрчлөлт, төв банкнуудын худалдан авалт, олон улсын тодорхойгүй байдлын нөлөөллийг багасгах гол хамгаалалт нь алт гэж үзсэн хэвээр байгаа. Харин мөнгөний өсөлт нь эдийн засгийн болон бусад суурь хүчин зүйлсээр бус, дийлэнхдээ спекулятив шинжтэй худалдан авалтаар өдөөгдсөн гэж үзэх нь нэмэгдэж байна.
Биань Шимин нь бараг дөрвөн жилийн өмнөөс алтны ханшийн өсөлтөд найдсан шийдэмгий хөрөнгө оруулалт хийж эхэлснээрээ БНХАУ-ын фьючерс зах зээлд зартай болжээ. Үнэндээ 20-иод жилийн өмнө БНХАУ-ын эдийн засгийн тэсрэлт тохиосноос хойш таваарын арилжаанд ноёрхсон цөөн хэдэн алдартай хөрөнгө оруулагчдын нэг нь Биань Шимин юм. Гэхдээ бусдаасаа ялгаатай нь тэрбээр олны нүднээс хол амьдарч, цахим орчинд нийтэлдэг хөрөнгө оруулалтын философиороо үнэнч дагагчид бүрдүүлжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тэрбээр мөнгөнд урт позицоор орж, улмаар 1.3 тэрбум ам.долларын ашиг хүртсэнийг биржийн мэдээлэлд хийсэн тооцоолол харуулж байна.
Харин 11 дүгээр сараас эхлэн позицоо өөрчилж, мөнгөний ханш унаж эхлэх хугацааг тооцоолсон нүүдлүүд хийсэн нь заримдаа алдагдалд хүргэж байв. Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногоос эхлэн тэрбээр позицоо улам итгэлтэйгээр ахиулж, ханш дээшилсэн үед ч барьжээ. Ийнхүү мөнгөний ханшийн огцом уналт түүний стратегийг шагнасан нь энэ болжээ.