
Зургийг: Bloomberg TV Mongolia
- Тантай дахин ярилцаж байгаад таатай байна. Сүүлд ярилцсанаас хойш бараг гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд хиймэл оюуны салбарт асар их өөрчлөлт гарлаа. Одоо бид генератив хиймэл оюунаас агентик буюу бие даасан систем рүү шилжиж байна. Гэхдээ энэ ахиц дэвшил эрчим хүчний дэд бүтэц болоод геополитикийн нөхцөлөөс хамаарч хязгаарлагдаж байгаа шүү дээ. Таны бодлоор хиймэл оюуны хөгжлийн дараагийн үе шатыг хамгийн ихээр тодорхойлох зүйл юу вэ?
- Тийм ээ, хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох хүчин зүйлс, гол чиг хандлага маш тодорхой болж байна. Таны хэлсэнчлэн эрчим хүчний хүртээмж байна. Гэхдээ үүнээс илүүтэй үнэ өртөг чухал болж байна. Бид хиймэл оюуны хөгжилд илүү их эрчим хүч зарцуулах тусам, тэрхүү эрчим хүчний сүлжээнд холбогдсон жирийн иргэдийн төлөх цахилгаан эрчим хүчний үнэ өсөж байна. Нэмээд хэлэхэд бид эрчим хүчээ цэвэр, тогтвортой байлгах ёстой. Тиймээс цөмийн эсвэл сэргээгдэх эрчим хүчийг эх үүсвэрээ болгож, ачааллыг тэнцвэржүүлж чадахуйц ухаалаг сүлжээ бий болгох хэрэгтэй. Нэмээд усны сорилтууд бий. Мөн хиймэл оюуны талбарт зөвшөөрөл олголт, лицензүүд зэрэг биет сорилтууд бий болж байна.
Өөрөөр хэлбэл зөвхөн дата, моделиос гадна биет элементүүд томоохон хүндрэл болж байгаа юм. Үүнд хиймэл оюуны чипийг үйлдвэрлэхэд шаардлагатай чухал ашигт малтмалууд хүртэл хамаарна. Миний хувьд 2026 оны салбарын гол өнгө төрх хиймэл оюун нь биет роботикс, автоматжуулаттай хослох явдал гэж бодож байна.
- Хөгжиж буй улс орнууд хиймэл оюуны өрсөлдөөнд тодорхой хэмжээний байр сууриа тогтоохоор ажиллаж байна. Стратегийн өнцгөөс харвал Монгол зэрэг хөгжиж буй орнуудын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
- Юуны өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад геополитик, гео эдийн засаг нь нэн чухал асуудал болж байна. Монгол Улстай төстэй орнууд хиймэл оюуны чадавхаа тодорхойлохдоо өөрсдийн гэсэн цоо шинэ систем хөгжүүлэх гээд байх шаардлагагүй. "Meta", "Google", "Microsoft" эсвэл БНХАУ-ын томоохон платформууд шиг сүлжээ бий болгох нь утга учиргүй оролдлого болно. Харин эсрэгээрээ томчуудтай түншлэх нь оновчтой шийдэл юм. Дэд бүтэц, дата төвүүдэд хамтын ажиллагаагаар холбогдох нь зүйтэй.
Мэдээж Монгол Улс дотооддоо дата төв байгуулахыг эрмэлзэж болно. Энэ нь “тооцооллын бүрэн эрх” гэх ойлголттой нийцнэ. Хэдий тийм боловч энэ үйл явцад экспортын хяналт, хязгаарлалтуудтай зайлшгүй тулгарна. Учир нь АНУ-ын технологи, чипийн бодлого, дата төвүүд нь БНХАУ-ын дата төвүүд, чип болон өгөгдөлтэй огтлолцож байна. Ийм нөхцөлд гаргах хамгийн том алдаа бол бодит байдлыг үл тоомсорлож, огт мэдэхгүй мэт хандах явдал юм.
Асуудлыг дипломат байдлаар харж, тооцооллын чадавхаа бүрдүүлэхдээ геополитикийн хүчин зүйлсийг давуу талаа болгох хэрэгтэй.
Үүнээс гадна дэлхийн тооцооллын эко систем, парадигмд Монгол Улсын дуу хоолой заавал тусгагдсан байх ёстой. Тиймээс АНУ болон БНХАУ-ын загваруудтай өрсөлдөхүйц өөрийн гэсэн платформ, эсвэл суурь хиймэл оюуны загваруудыг заавал хөгжүүлэх гээд байх шаардлагагүй.
Харин Монголын онцлог өгөгдөл дээр суурилан сургагдсан, монголчуудад ойр соёлын ойлголт, элементүүдийг агуулсан хиймэл оюуны загварууд дээр туршилт хийж, хөгжүүлэх нь зүйтэй.
Цаашид энэ давуу талаа ашиглаж, өөрөөр хэлбэл үүнийг хөшүүрэг болгон, дэлхийн томоохон суурь загвар хөгжүүлэгч компаниудтай түншлэлийн харилцаа бий болгож, гүнзгийрүүлэх хэрэгтэй.
- Монголд болон хөгжиж буй зах зээлд хиймэл оюуны стартапууд ихээр байгуулагдаж байна. Та өөрийн туршлагадаа үндэслэн эдгээр стартапуудын хамгийн том алдаа нь юу болохыг хэлнэ үү? Бодит үнэ цэн бий болгоход стартапууд юунд анхаарах ёстой вэ?
- Хамгийн том алдаа нь хүмүүс “Дэлхий дахин чатботоор л дутаад байна” гэж бодоод л энэ салбарт яваад орчихдог. Чатбот хэрэггүй гэж хэлэхгүй. Огт хэрэгцээгүй гэсэн үг биш, агентлаг хиймэл оюун хөгжихийн хэрээр илүү ухаалаг, шинэ үеийн чатботууд гарч ирнэ.
Гэхдээ Монгол Улс болон эдийн засгийн бүтэц, түвшин ойролцоо орнуудын стартапуудын хийх ёстой гол зүйл бол өөрсдийн дотоод, байгалийн давуу талд төвлөрөх явдал юм. Жишээ нь: Монголд байгалийн баялаг, ашигт малтмал зэрэг давуу тал бий. Үүнд тулгуурласан хиймэл оюуны хэрэглээний тодорхой кэйсүүдэд анхаарах хэрэгтэй.
Мөн Монгол Улсын оролцож буй гео эдийн засгийн болон худалдааны чиглэл, тээврийн коридоруудад анхаарч болно. Тэнд ямар асуудал байгааг илрүүлж, Монголын бизнес эрхлэгчид Барууны эсвэл БНХАУ-ын бизнес эрхлэгчдээс илүү сайн, үр дүнтэй, оновчтой байдлаар хэрхэн асуудлыг шийдэж чадах вэ гэдгийг тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл бодит хэрэглээ, ашиглалтад төвлөр. Монгол Улсын онцлог, давуу талыг агуулсан хиймэл оюуны шийдэл хэрэгтэй.
Дараагийн чухал зүйл бол зөвхөн хиймэл оюуны загварт анхаарах хэрэггүй. Бид ихэвчлэн хиймэл оюуны загварын тухай ярихдаа хүний тархи шиг “ганган”, анхаарал татсан, олон хүний нүдийг булаадаг зүйлд татагддаг. Гэхдээ загварыг сургах болон дүгнэлт гаргахад ашиглаж буй өгөгдөл нь түүнээс дутахгүй, бүр илүү чухал зүйл юм. Муу өгөгдлийг загварт оруулбал тааруу үр дүн л гарна. Тиймээс зөв, эрүүл, чанартай өгөгдөл хэрэгтэй. Аливаа гажуудалгүй өгөгдөлд анхаарах нь тооцооллын хүчин чадал, загваруудаас ч илүү чухал асуудал юм.
- Монгол Улсын нөөц, эрчим хүчний боломж болоод уул уурхайд суурилсан эдийн засгийн бүтэц, хүн амын тоо зэргийг харгалзан үзэхэд хиймэл оюуны ирэх жилүүдийн стратеги ямар байх нь зүйтэй вэ?
- Нэгдүгээрт, хүн ам хиймэл оюуны талаарх суурь ойлголттой, мэдлэгтэй байх нь маш чухал. Улс орны хэмжээ, судалгаа, хөгжлийн нөөц, технологийн суурь ямар байхаас үл хамааран аль ч улс иргэдээ хиймэл оюунд ойлголттой болгох боловсрол олгож чадна. Арабын Нэгдсэн Эмират, Казахстан зэрэг улс үүнийг маш сайн хийсэн, одоо ч үр дүнтэй хэрэгжүүлсээр байна.
Эдийн засгийн амжилтын суурь нь чухамдаа энд оршдог. Өөрөөр хэлбэл хүн ам нь хиймэл оюуныг ойлгодог, түүнийг хэрхэн хөгжүүлэх, чиглүүлэх, өөрийн дуу хоолойг тусгах, зохицуулах чадвартай байх ёстой. Хэдий тийм боловч хиймэл оюунаас айхгүй, түүнээс зугтахгүй, мөн хэт гэнэн, хөөргөн байдлаар хандахгүй байх нь чухал.
Дараа нь мэдээж Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой асуудлуудад төвлөрөн ажиллах чадвартай инженер, эрдэмтдийг дотооддоо бэлтгэх шаардлагатай. Мөн тэр асуудлуудад чиглэсэн бодит шийдлүүдийг хөгжүүлэхэд анхаарах ёстой.
Үүний дараагийн алхам бол эрүүл, орон нутагт суурилсан бизнес эрхлэгчдийн эко системийг бий болгох явдал юм. Монгол Улс хүн амын тоогоор жижиг улс хэдий ч үүнийг маш сайн хийж чадсан бусад улс бий. Тиймээс Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Сингапур, Финланд, Канад зэрэг газар нутгийн хувьд том боловч хүн ам цөөн улс орнуудтай түншлэл тогтоож, олон улсын холбоо, эвсэл байгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ тэдний давуу талтай солилцож, өөрийн байр суурийг улам бэхжүүлнэ.
Эцэст нь жижиг улс ч хиймэл оюуны салбарт маш сайн амжилт гаргаж чадна. Тиймээс “Silicon Valley” болох гэж оролдох хэрэггүй. АНУ, БНХАУ-тай адил болох гэж зүтгэх хэрэггүй. Харин "Монгол бай" жинхэнэ, өөрийн онцлогоо харуул. Өөрийн давуу тал, нөөц бололцоогоо дэлхийн түншлэл, эвслүүдэд авчирч, бодит үнэ цэн бий болгох нь хамгийн зөв зам юм.
- Монголын үзэгчид, шийдвэр гаргагчдад юу гэж зөвлөмөөр байна вэ?
- Хиймэл оюуны энэ эрин үе эхний шатандаа л явж байна. Бодож үзвэл хиймэл оюуны сүүлийн үеийн энэ өсөлт, тэсрэлт ердөө л дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн. Тиймээс бизнес эрхлэгч болох, эсвэл энэ салбар төлөвшихөд өөрийн дуу хоолойг хүргэх орон зай асар их байна. Айх хэрэггүй. Оролц. Өөрийгөө хөгжүүл.
Өгөгдлийн шинжлэх ухааны хичээлд суух эсвэл хаа нэгтээ хиймэл оюуны сургалтад оролц. Түүний хэл, ойлголтуудыг сур. Боломж, чадавхыг нь ойлго. Мөн бизнес эрхлэлттэй холбоотой сургалтад хамрагдах, эсвэл эхлүүлэхийг хүсэж буй төсөл дээрээ менторын зөвлөгөө авах нь чухал. Та бүхнийг өөрөө хийх шаардлагагүй. Хэрэв танд санаа, бизнесийн зөн совин байвал түүнийг бодит болгоход туслах хиймэл оюуны ур чадвартай нэгэнтэй хамтрах боломжтой. Энэ бол хиймэл оюуныг ашиглан бизнес эрхлэлтийг түгээх, ардчилсан болгох эрин үе юм.
Цаашид ганц хүний байгуулсан, тэрбум ам.долларын үнэлгээтэй бизнесүүд бий болохыг бид харах болно. Тийм амжилтад монгол хүн яагаад хүрч болохгүй гэж, тиймээс би маш өөдрөг, маш их итгэл найдвар тээж байна. Монгол шиг улс орнууд өөрсдийн давуу тал, суурьтаа тулгуурлан хиймэл оюуны эдийн засгийг өөрийнхөөрөө тайлбарласан, өөрийн гэсэн загвар бүхий манлайлагч, гэрэлт цамхаг болж чадна гэдэгт би итгэж байна.