logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Авлига болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо нэмэгджээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 06 10:45
    355

    Зургийг: С.Батсайхан

    Авлигын хэргийн хүрээнд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээг хязгаарласан байна

    2025 онд авлига албан тушаалын хэргээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурсныг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар мэдээллээ.

    Авлига албан тушаалын 1811 хэргийг шалгасан нь өмнөх оноос дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт хэргийн 60 гаруй хувийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэргүүд багтжээ.

    Авлигын хэргийн хүрээнд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээг хязгаарлаж, нэг тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.

    Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2023-2030 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2024 онд дунджаар 60 гаруй хувьтай үнэлэгдсэн.

    Монгол Улс авлигатай тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлж,  Төрийн үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, тэр дундаа авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж буй ч авлига нь Төрийн байгууллагуудын хувьд томоохон сорилт хэвээр байгааг Дэлхийн Банкны тайланд дурдсан байна. 

    “Transparency International” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр 2024 онд Монгол Улс 180 улсаас 114 дүгээрт эрэмбэлэгджээ. 2025 оны индексийг хоёрдугаар сарын 11-нд зарлахаар байна.

    Үүнээс гадна 2025 онд мансууруулах бодистой холбоотой  гэмт хэрэг 21.6 хувиар өсжээ. Нийт 417 хүн яллагдагчаар татагдсанаас 14-18 насныхан 3.1 хувийг эзэлсэн бол дийлэнх нь 18-35 хүртэлх насныхан байсан аж.

    Мөн мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдуулан 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 14.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хязгаарласныг прокурорын байгууллага мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих