logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Amazon” хиймэл оюунд $200 тэрбумыг зарцуулна гэж мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь унав
    Spencer Soper
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 06 09:55
    351

    Зургийг: Lexi Critchett/Bloomberg

    (Bloomberg) -- “Amazon.com” компани энэ онд дата төв, чип болон хиймэл оюуны бусад тоног төхөөрөмжид 200 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөгөө зарлаад байна. Энэхүү мэдээллийн дараа хувьцааны ханш нь огцом буурлаа.

    Тус компанийн хиймэл оюунд оруулж буй асар их хөрөнгө оруулалт нь урт хугацаанд үр дүнгээ өгөхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүссэн гэж шинжээчид дүгнэж байна.

    “Amazon” компани 2025 онд үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийн зардалд ойролцоогоор 130 тэрбум ам.доллар зарцуулсан гэж мэдээлсэн юм. Шинжээчид энэ төрлийн зардал 150 тэрбум ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсантай харьцуулахад арай бага дүн болсныг харж болохоор байна.

    “Amazon”-ийн Гүйцэтгэх захирал Энди Жасси энэхүү зарцуулалт нь тус компанийн “Amazon Web Services” үүлэн тооцооллын нэгжид голлон зарцуулагдах бөгөөд зардлын ихэнхийг хиймэл оюунд зориулна гэж мэдээлжээ.

    "Энэ бол “Amazon Web Services” болон “Amazon”-ийн үйл ажиллагааг бүхэлд нь үүрд өөрчлөх ер бусын боломж гэж бодож байна" гэж Энди Жасси пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тодотгосон байна. Мөн үүнийг ер бусын боломж гэж харж байгаа учраас салбартаа тэргүүлэгч болохын тулд идэвхтэй хөрөнгө оруулалт хийх болно гэж дурджээ.

    Хиймэл оюуны энэхүү өндөр дүнтэй зарцуулалт нь компанийн ашигт нөлөөлнө. “Amazon”-ийн үйл ажиллагааны орлого энэ улиралд  16.5-аас 21.5 тэрбум ам.доллар байх төсөөлөл танилцуулсан юм. Шинжээчид тус компанийн  орлого дунджаар 22.2 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байгаа аж.

    Пүрэв гарагт Нью-Йоркийн арилжаа хаагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш 10 хувиар огцом буурсан. Сүүлийн байдлаар эргэн бага зэрэг сэргэсэн ч он гарсаар 3.5 хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.

    Үүнээс өмнө “Microsoft” болон “Alphabet” компани төсөөлж байснаас илүү их хөрөнгө хиймэл оюунд зарцуулснаа мэдээлсэн юм. Ингэснээр хиймэл оюуны хөрөнгө оруулалтын өгөөж зардлаа нөхөхөд хангалттай биш байж магадгүй гэсэн болгоомжлол  бий болж, компаниудын хувьцааны ханш мөн буураад байв.

    Cэтгэгдэл бичих