
Зургийг: Oliver Contreras/Bloomberg
(Bloomberg) -- Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагт “Чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын түвшний олон улсын уулзалт” зохион байгуулж, 55 улсын төлөөлөгчдийг хүлээн авав.
Нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ-аас хараат байдлаа бууруулах зорилготой тус уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцлоо.
Энэхүү уулзалтын хүрээнд Европын Холбоо, Япон болон Мексик улс АНУ-тай хамтран чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн шинэ бодлогууд, тэр дундаа үнийн доод хязгаар тогтоох механизмыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Мөн АНУ болон Европын Холбоо ойрын 30 хоногийн дотор чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой санамж бичиг байгуулахаар болсон байна.
Хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хамтран бүрдүүлэхийн зэрэгцээ гаднын цочролоос хамгаалагдсан, чухал ашигт малтмалын давуу эрхтэй худалдааны төв байгуулах санаачилгыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс зарлалаа.
Тэрбээр Дональд Трампын засаг захиргаа чухал ашигт малтмалын чиглэлд 100 тэрбум ам.доллар хүртэлх зээл олгох эрхтэйг онцолсон байна.