
Зургийг: mongolia.gov.mn
Нийт 658.5 сая ам.доллароор хэрэгжих “Дулааны V цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр байна. Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт өртгийн 80 хувийг нь тендерээр сонгогдсон Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцна. Харин үлдсэн 20 хувийг нийслэлээс санхүүжүүлэх юм.
“Дулааны V цахилгаан станц” нь 300 мегаватт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдөөд буй. Нийт 150 мегаватт хүчин чадал бүхий хоёр блокоос бүрдэх бөгөөд 2027 онд зуух, турбин, генераторын иж бүрэн угсралт, системийн холболт, суурилуулалт хийгдэнэ гэж НЗДТГ мэдээллээ. Үүний дараа 2028 оны эхний хагаст туршилт, тохируулга хийж, станцын нэг, хоёрдугаар блокийг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 12 хувиар өсөж байгаа бөгөөд энэ өвлийн хувьд оргил ачаалал 1800 мегаватт давснаар чадлын дутагдалд орсон юм.
“Дулааны V цахилгаан станц” төсөл хэрэгжсэнээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл, өрхийг дулаанаар хангах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Үүнээс гадна Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай байна. Энэхүү дэд станц энэ онд ашиглалтад орох ба төслийн хүрээнд 100 мегаватт нарны панел, 90 мегаватт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулахаар байгааг НЗДТГ мэдээлэв.