
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш сүүлийн гурван долоо хоног орчмын хугацаанд огцом өөрчлөлтгүй байна.
Хамгийн ойрын хугацаанд дуусах бондуудын ханш он гарсаар 1.2 хүртэлх хувийн өсөлт үзүүллээ. Тухайлбал: 2026 онд хугацаа нь дуусах бондын ханш нэрлэсэн үнээс давжээ. Өгөөжийн түвшин АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжтэй ойролцоо, 13 суурь нэгжээр дээгүүр байна.
Түүнчлэн 2027 оны долоодугаар сард эргэн төлөгдөх бондын ханш энэ он гарсаар 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2026 он гарсаар АНУ болон Японы Засгийн газрын эрсдэлгүй бондуудын ханш уналттай байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ дахь бонд гаргалт түүхэндээ хамгийн богино хугацаанд нэг их наяд ам.доллар хүрчээ. Энэ нь хөрөнгө оруулагчдыг илүү өндөр өгөөжтэй боломжууд руу чиглэж буйг харуулж байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад 2026 онд бондуудын ханшийн өсөлт өгөөжийн томоохон хэсгийг бүрдүүлэхээс илүүтэйгээр хүүгийн төлөлт өгөөжийн гол хэсгийг бүрдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна ам.долларын сулрал болон Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ аажмаар буурах төлөвтэй байгаа нь хөгжиж буй орнуудын бондод нэмэлт дэмжлэг болохоор байгаа юм.