logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    НҮБ: Монгол Улсын нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2054 он гэхэд 1.96 болж буурах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 04 10:10
    926

    Зургийг: unicef.org

    2025 онд улсын хэмжээнд 56,695 хүүхэд төржээ

    2024 оны байдлаар Монгол Улсын нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.63 байсан бол 2054 он гэхэд 1.96 болж буурах тооцоололтой байгааг НҮБ-ын тайланд дурдсан байна.

    Энэ үзүүлэлт 1994 онд 2.82 байснаас 20 жилийн хугацаанд хоёроос дээш түвшинд хадгалагдсан хэвээр байжээ. Харин ирэх 30 жилийн хугацаанд төрөлтийн дундаж түвшин нэг рүү орж, буурахаар байна.

    Дэлхийн хүн амын тоо 1950 оноос хойш гурав дахин өссөн бол нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин таваас 2.25 болж буураад байгаа бөгөөд 2050 он гэхэд  2.1 болох төлөвтэй байгааг тайланд онцолжээ.

    2025 онд Монгол Улсын хэмжээнд 56,695 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3500-аар буюу 5.8 хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо тайлагнасан юм. Эндээс харахад хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оноос 8.1 хувиар буураад байна.

    Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2015 онд төрөлт хамгийн өндөр буюу 82 мянга давж байсан бол 2019 оноос хойш тогтмол буурч байгаа аж.

    Үндэсний статистикийн хорооны тооцооллоор Монгол Улсын хүн ам 2033 он гэхэд дөрвөн сая, 2047-2048 онд таван сая хүрэх төлөвтэй байгааг мэдээлж байсан юм. Гэхдээ энэ үзүүлэлт 5-6 жилээр хойшлох магадлалтайг тодотгож байв.

    1995-2005 онд төрөлт буурч, жилд дунджаар 45 мянгаас 54 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ хугацаанд төрсөн хүүхдүүд одоо ажиллах хүчний гол бүлэг болж буй нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэхэд нөлөөлж байна.

    Харин сүүлийн жилүүдэд төрөлт тогтмол буурч байгаагаас шалтгаалж 2040 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл өндөр байгааг эдийн засагчид тодотгож байгаа юм.

    Үүнээс гадна 2024 оны байдлаар хүн амын дундаж наслалт 71.8 байгаа бол 2030 он гэхэд дундаж наслалтыг 78 хүргэхээр “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгаад байна.

    Судалгаагаар Монгол Улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт болж байна. Үүний 50-иас дээш хувь нь аврах боломжтой нас баралт байгааг Эрүүл мэндийн яам тодотгож байв. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шаардлагатайг салбарын сайд онцоллоо. 

    Cэтгэгдэл бичих