
Зургийг: Francesca Volpi/Bloomberg
(Bloomberg) -- Сүүлийн өдрүүдэд алтны ханш огцом унасан ч Сингапурт алт худалдаж авахаар дараалалд зогсох иргэдийн цуваа тасрахгүй байгаа нь жижиглэнгийн зах зээлд үнэт металлын эрэлт онцгой тэсвэртэй хэвээр болохыг харууллаа.
Даваа гарагт тус улс дахь жижиг хөрөнгө оруулагчдад биет алт худалддаг цор ганц банк болох “United Overseas Bank”-ийн төв байрыг алтан гулдмай худалдаж авахаар ирсэн үйлчлүүлэгчид дүүргэжээ.
"Өнөөдөр алтны үнэ унасан болохоор алт худалдаж авахаар ирлээ" хэмээн 70 настай иргэн Нг Бен Чу өгүүлж байна. Тэрбээр өглөөний 09.30 цагт ирж дарааллаа авсан ч зургаан цагийн дараа нэр нь дуудагдахаар байгааг хэлж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн геополитикийн дэг журмыг шинээр бичиж, мөн Төв банкныхаа хараат бус байдалд халдаж эхэлснээр удаан хугацаанд үргэлжилсэн үнэт металлын ханшийн өсөлт өнгөрсөн сард улам эрчимжсэн юм. Хэдий тийм боловч өнгөрсөн баасан гарагт дээрх өсөлт огцом уналт руу шилжиж, унц нь 5600 ам.доллар шүргэж байсан алтны ханш даваа гарагт 4400 ам.доллар хүртлээ доошилсон.
Олон хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь алтыг зарах биш хямдралтай үнээр худалдан авах боломж болжээ. Сингапурт хөрөнгө оруулалтын зорилгоор худалдаж авах алтан гулдмай, хөрөнгийн өсөлтөд татвар ногдуулдаггүй тул үнэт металлд хөрөнгө оруулагчдын түгээмэл зорих цэг болдог.