logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    МАЖХ: Тооноос илүү нэг жуулчны өгөөжид төвлөрөх нь чухал
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 02 16:00
    248

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй

    Монгол Улс аялал жуулчлалын салбарт 1-2 сая жуулчин хүлээж авах зорилт тавихаас илүү нэг жуулчнаас олох өгөөжид төвлөрөх нь чухал гэдгийг салбарынхан онцолж байна.

    Монголд аялахад нэг жуулчин дунджаар 2000 ам.доллар зарцуулдаг гэж тооцоолдог ч дийлэнх хувийг бүрдүүлдэг Азийн улсуудаас ирж буй жуулчин дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг байна.

    Засгийн газар 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авч, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 0.4-өөс дөрвөн хувьд хүргэх зорилт тавиад буй.

    Энэ хүрээнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Хөнгөлөлттэй зээл олгохоос гадна түр амрах газрууд байгуулах, стандарт, үйлчилгээний чанарыг сайжруулах, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ төлөвлөсөн юм.

    Аялал жуулчлалын салбар улирлын чанартай учраас тогтвортой ажиллах хүчний асуудал эн тэргүүнд тулгарч буйг салбарынхан онцолж буй. Иймд зуны саруудад гадаадаас ажиллах хүч авахад хөнгөлөлт үзүүлэх зэргээр төрийн дэмжлэг шаардлагатай байна.

    Мөн 10-аас дээш жилийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэйг онцолж байгаа юм. Дийлэнх аж ахуйн нэгжүүд зуны 3-4 сарын хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тул хөрөнгө оруулалтаа нөхөхөд урт хугацаа шаарддаг байна.

    Засгийн газар аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай зээлийг 2026 оноос олгож эхэлнэ.

    Монгол Улс 2025 онд 847 мянган жуулчин хүлээн авсан нь 2024 оныхоос 120 орчим мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих