
Зургийг: Tierney L. Cross/Bloomberg
(Bloomberg) -- Төв банкныхаа одоогийн мөнгөний бодлогод ихээхэн шүүмжлэлтэй ханддаг эдийн засагч Кевин Уорш Холбооны Нөөцийн банкны дараагийн тэргүүнээр нэрлэгдээд байна. Хэрэв АНУ-ын Сенатаар соёрхон батлагдвал тэрбээр ирэх тавдугаар сард одоогийн тэргүүн Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед Холбооны Нөөцийн банкийг удирдаж эхлэх юм.
Кевин Уорш Холбооны Нөөцийн банканд ажиллаж байх үедээ Төв банк Засгийн газрын бондын худалдан авалтаа нэмэгдүүлэх зэргээр хэт их зарлага гаргаж, баланс нь эрс нэмэгдэж буйг шүүмжилж ирсэн юм. Тиймээс Кевин Уорш дараагийн тэргүүнээр сонгогдсоноор Төв банкны бонд худалдан авалтыг зогсоож, хөрөнгийн хэмжээг хурдацтай бууруулна гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж эхэллээ. Ингэснээр баасан гарагт ам.долларын ханш чангарч, алт болон мөнгөний үнэ унав. Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын урт хугацаат үнэт цаасны өгөөж өслөө.
Кевин Уорш болон Скотт Бессент нар Холбооны Нөөцийн банк үнийг тогтвортой байлгаж, ажил эрхлэлтийг өндөр хэвээр хадгалах гэсэн үндсэн үүргээсээ хазайж, эдийн засгийн орчинд хэтэрхий их нөлөө үзүүлж байна гэж үздэг. Тиймээс үүнд бүрэн өөрчлөлт хийж, шинэ бодлогууд хэрэгжүүлэх хүлээлттэй байна. Хэдий тийм боловч үүнд өөрчлөлт хийх нь зөвхөн урт хугацааны бодлогын хүүд төдийгүй дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын бие биеэсээ зээл авч, зээлдүүлэх үйл явцад шууд нөлөө үзүүлэх төвөгтэй үйл явц байх болно.
Хэрэв бодлого боловсруулагчдын дэмжлэгийг авч чадвал Кевин Варшийн Засгийн газрын бондуудыг зарж, Холбооны Нөөцийн банкны балансыг багасгах төлөвлөгөө нь урт хугацаат зээлийн хүүг бууруулах засгийн газрын зорилгын эсрэг ажиллаж магадгүй юм. Ингэснээр Сангийн яам болон АНУ-ын бусад байгууллагуудад зах зээлд илүү их оролцох дарамт учруулж болзошгүй. Нийт зээлийн хэрэгцээ нэмэгдэж, АНУ-ын Засгийн газрын өр 30 их наяд ам.доллар давсан тул энэ нь бүр ч хэцүү болж байна.