logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Tesla” 2026 онд хөрөнгө оруулалтын зардалд $20 тэрбумыг төлөвлөснийг Илон Маск мэдээлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 29 14:40
    199

    Зургийг: Shoko Takayasu/Bloomberg

    Илон Маск: "Tesla"-д зориулж "Terafab" чипийн үйлдвэр барих шаардлага үүсээд байна

    (Bloomberg) -- “Tesla” компани  2026 онд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамгаас хоёр дахин, 2025 оныхоос 135 хувиар өндөр дүн боллоо. Тус компани цахилгаан автомашины  бүтээгдэхүүний шугамаа танаж, робот таксины бизнесээ өргөжүүлж, хиймэл оюуны дэд бүтэц байгуулахад төвлөрөхөө мэдээлсэн юм. Энэ чиглэлд “Model S” болон “Model X” загварын цахилгаан автомашинуудын үйлдвэрлэлээ зогсоож,  оронд нь “Optimus” хүн дүрст роботын хөгжүүлэлтэд анхаарахыг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгө оруулагчдадаа танилцууллаа.

    Тэрбээр энэ онд их хэмжээний, бүр маш өндөр дүнгээр хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөснөө тусгайлан онцолжээ. Тухайлбал: “xAI” стартапт хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ саяхан мэдэгдсэн юм. 

    Үүнээс гадна цахилгаан автомашинд зориулж чип үйлдвэрлэх, “Tesla”-ийн хувийн  “Terafab” чипийн үйлдвэрийг барих төлөвлөгөөний талаар цухуйлгаад амжсан нь хөрөнгө оруулагчдын хүлээж байсан шинэ мэдээ болж чадлаа.

    Мөн тэрбээр геополитикийн эрсдэл нэмэгдсээр буй үед  нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлээс сэргийлэх нэн шаардлагатайг дурдсан байна. Дотооддоо барих тус үйлдвэр логик, санах ой, сав баглаа боодол зэрэг бүх шатны ажиллагааг багтаасан маш томоохон  хэмжээтэй байгууламж болно гэж Илон Маск алсын хараагаа хуваалцжээ.

    TESLA.png

    Тус компани 2025 оны IV улиралд 434 мянган автомашин үйлдвэрлэж, 418 мянгыг борлуулснаа тайлагналаа. Ингэснээр бүтэн жилийн дүнгээр нийт 1.6 сая ширхэг цахилгаан автомашин зах зээлд борлуулсан байна. Үүний 97 орчим хувийг “Model 3” болон “Model Y” загвар бүрдүүлжээ.

    Түүнчлэн “Tesla” 2025 онд 94.8 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 3 хувиар буурсан дүн боллоо. Харин цэвэр ашиг нь өмнөх оноос 46 хувиар буурч, 3.79 тэрбум ам.долларт суларсан байна.

    Тайлант хугацаанд тус компани 50 центийн нэгж хувьцаанд ногдох ашигтай ажилласан нь шинжээчдийн тооцооллоос таван центээр өндөр дүн болжээ.

    29-5.JPG

    Харин бүрэн автомат жолоодлогын жолоочийн туслах программын идэвхтэй захиалагчийн тоо 1.1 сая хүрсэн нь өмнөх оныхоос 40 хувиар өссөн онцлох үзүүлэлт болсон байна. Тус программ нь одоогоор бүрэн автомат болж хөгжөөгүй. Байнгын хүний хараа, хяналт дор ажиллуулах шаардлагатай байгаа.  Энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс хойш зөвхөн сар тутмын төлбөртэй үйлчилгээг захиалсан худалдан авагчдад нээлттэй болохыг онцолжээ.

    Тайлан болон шинэчилсэн төлөвлөгөөний дараа “Tesla”-ийн хувьцааны ханш “overnight” арилжаагаар 1.6 хувиар өсөж, 438.35 ам.доллароор арилжаалагдаж байна. Он гарсаар дөрвөн хувиар буурсан бол сүүлийн нэг жилд найман хувиар эрчимжээд байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих