
Зургийг: С.Батсайхан
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2025 онд улиралд дунджаар 1.3 сая татвар төлөгчид 84-95 тэрбум төгрөг олгосныг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Тухайн оны эхний гурван улирлын байдлаар нийт 263.8 тэрбум төгрөг олгосон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого сүүлийн таван жилд 2.2 дахин нэмэгдэж, 2025 онд 6.2 их наяд төгрөг болжээ. Үүнийг дагаад буцаан олголтын дүн ч нэмэгдэж байгаа аж.
Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын 2025 оны IV улирлын буцаан олголтоосоо 40,317 иргэн хөрөнгийн албан татвараа төлжээ. Эдгээр иргэний төлсөн албан татварын хэмжээ нийт 1.1 тэрбум төгрөг болсон байна.
НӨАТ-ын буцаан олголтын 75 хувийг өндөр дүнтэй худалдан авалт хийдэг иргэд буюу e-barimt системд бүртгэлтэй 1.4 сая иргэний 25 хувь нь авдаг болохыг Сангийн яам мэдээлж байсан юм. Иймд НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг оновчтой болгох, буцаан олголтын хүртээмжийг нэмэгдүүлэхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд ирэх аравдугаар сараас мөрдөж эхэлнэ. Ингэхдээ нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад 20 хувийг нь буцаан олгоно.
Цаашлаад 2027 оноос 500 мянган төгрөг хүртэл 100 хувь, 500 мянгаас нэг сая төгрөг хүртэл 50 хувь, түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалтад 20 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгаад буй.