logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын “санаа амар” мэдэгдэл ам.долларын ханш урт хугацаанд сулрах чиг хандлага руу орох хүлээлт үүсгэв
    Josh Wingrove, Hadriana Lowenkron, Carter Johnson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 29 09:10
    543

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа ам.долларын ханш 2022 оноос хойших доод түвшинд хүрч суларлаа

    (Bloomberg) -- Валютын зах зээлд ам.долларыг зарах арилжаа эрчимжиж буй асуудалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп харьцангуй тайван өнгө аястай мэдэгдэл хийсэн нь ам.долларын ханш сулрах урт хугацааны чиг хандлага эхэлсэн байж болзошгүй талаар спекуляцыг нэмэгдүүллээ.

    Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш тийм ч их суларсан гэж бодохгүй байгаагаа Дональд Трамп лхагва гарагт сэтгүүлчдэд ярьсны дараа ам.долларын ханш өнгөрсөн онд АНУ-ын тарифын арга хэмжээг анх зарласан өдрөөс хойших нэг өдрийн хамгийн огцом дүнгээр унав. Мөн “Bloomberg”-ийн ам.долларын спот индекс 1.2 хүртэлх хувиар доошилж, сүүлийн бараг дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ.

    Дональд Трампын засаг захиргаанаас ханш сул байх нь АНУ-ын экспортлогч бизнесүүдэд ашигтай тусна гэх байр суурь баримталж буй нь ам.долларын уналтын шинэ мөчлөгийн эхлэл байж болохыг “Eurizon SLJ Capital”-ийн үүсгэн байгуулагч, валютын стратегич Стефен Жен онцолж байна. “Энэ нь ам.доллар сулрах дараагийн ээлжийн эхлэл байх магадлал өндөр байна. Үүнд олон хүн бэлтгэлгүй байгаа” хэмээн тэрбээр өгүүлжээ.

    unnamed.jpg

    Ам.долларын ханш суларсан нь евро болон фунт стерлингийн ханш 2021 оноос хойших дээд түвшинд, швейцар франкийн ханш 2015 оноос хойших дээд цэгтээ хүрч чангарахад дэм болов. Азид БНСУ-ын вон, Малайзын ринггит ам.долларын эсрэг чангаралтаар тэргүүллээ. Мөн алтны ханш ээлжит дээд үзүүлэлтээ тогтоож, унц нь 5250 ам.доллар хүрсэн байна. Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2026 он гарснаас хойш дийлэнхдээ суларч, сүүлийн байдлаар 3564-т мөрдөгдөж байна.

    DOLLAR.png

    Ам.долларын одоогийн ханш байх ёстойгоосоо өндрөөр үнэлэгдсэнийг зарим хэмжүүрүүд харуулж буй. Тухайлбал: валютын худалдан авах чадварт суурилсан үзүүлэлтээр ам.доллар швейцар франкийг эс тооцвол “Арвын бүлэг”-ийн бүх орны валютын эсрэг “overvalued” түвшинд байгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын дата харуулж байна.

    Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн бууралт сунжирснаар АНУ-ын эдийн засагт олон эрсдэл дагуулахыг "Goldman Sachs"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэд дарга Роберт Каплан “Bloomberg”-т онцолжээ.

    “Ам.долларын сул ханш экспортыг нэмэгдүүлэх нь үнэн. Хэдий тийм боловч АНУ 39 их наяд ам.долларын өртэй. Одоо 40 их наяд давах замдаа орж байна. Ийм их өртэй байхад валютын тогтвортой байдал нь экспортоос чухал асуудал болно” гэж тэрбээр тодотгов. 

    Cэтгэгдэл бичих