
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад 13 компани саналаа ирүүлснээс дөрвөн компани шаардлага хангаж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлснээс долоон улсын 13 компани төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Тухайлбал: БНХАУ-ын “NFC”, “Jiangxi Copper”, мөн “Liantou New Energy Technology”, “China ENFI Engineering Corporation”, “Shanxi Northern Copper Industry” гурван компанийн түншлэлээс гадна Швейцарын “Glencore International AG” зэрэг компани санхүү, техникийн нөхцөлийн шаардлага хангасан байна. Тиймээс эцсийн шатны шалгаруулалтыг оны эхний улиралд багтаан дуусгахыг зорьж байгааг тодотгов.
Урьдчилсан ТЭЗҮ-ээр үйлдвэрийн төсөл нь 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд хийгдэнэ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьснаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс олборлож буй зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.