
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- “S&P 500 Index” 0.4 хувиар эрчимжиж, 6978 нэгж хүрснээр арилжааны таван өдөр дараалан өссөнөөр хоёр долоо гаруйн өмнө тогтоосон дээд түвшнээ шинэчиллээ. Ингэснээр салбарын шинжээчдийн 2025 онд төсөөлж байсан зорилтот 7000 нэгжийн түвшинд ойртож байна. Үүнд АНУ-ын технологийн салбарын компаниудын хувьцааны ханш эрчимжсэн нь голлон нөлөөлжээ. Мөн технологийн салбарын жишиг “Nasdaq 100 Index” 0.9 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.
“Гайхамшигт 7”-ийн компаниудын ашгийн тайлан гол хүлээлт үүсгэж байгаа юм. “Tesla”-ийн хөрөнгө оруулагчид робот болон автомат жолоодлого хөгжүүлэлтэд шинэ ахиц гаргасан эсэхийг хүлээж буй бол “Meta Platforms” энэ оны төсөөллөө ахиулах магадлал өндөр байна. Мөн “Microsoft”-ийн борлуулалт 15 хувиар эрчимжсэн байх хүлээлт давамгайлж буй.
Үүний зэрэгцээ энэ лхагва гарагт гарах АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэр анхаарлын төвд байна. “Bloomberg”-ийн эдийн засагчдын дунд хийсэн судалгаагаар АНУ-ын Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал өндөр байгаа юм.
Өнгөрсөн оноос эхлээд хэд хэдэн удаа бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авсан учраас эдийн засгийн нөлөөлөл зах зээлд шингээх орон зай хэрэгтэй гэж Канзас-Ситигийн Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч асан Эстер Жорж “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Түүнчлэн Канадын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх хүлээлттэй байгаа бол Сингапур, Швед, Бразилын Төв банкнууд мөнгөний бодлогын шийдвэрээ өнөөдөр танилцуулна.