
Зургийг: Э.Тэнгис
Арилжааны сүүлийн долоо хоногийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш тогтвортой байна.
2025 оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг үзүүлэлттэй гарч байгаа ба үүнтэй зэрэгцээд Засгийн газрын бондуудын ханш оны эхний хоёр долоо хоног орчим хугацаанд өсөөд байсан юм. Харин түүнээс хойш ханш нь тогтвортой хадгалагдсаар байна.
Энэ онд хугацаа нь дуусах бондын ханш нэрлэсэн үнээсээ давж өссөн, түүнчлэн 2028, 2029, 2030 онд хугацаа нь дуусах бондуудын ханш мөн адил нэрлэсэн үнээсээ давж өсөөд байна. Харин зарим бондуудын өгөөжийн түвшин таван хувиас доош орж ирлээ.
Урт хугацааны хөдөлгөөнийг харвал өмнөх жилийг бондуудын ханш уналттай эхлүүлж байсан ч АНУ-ын Эрх чөлөөний өдрийн үеэр огцом уналтад орсноосоо хойш тогтмол өссөөр ирсэн юм.
Гадаад зах зээлд гаргасан бондуудын өндөр өгөөжтэй ангилалд ордог тул одоогийн зах зээлийн нөхцөл байдалд олон улсын хөрөнгө оруулагч нарын дунд эрэлт ихтэй байсаар байна. Хэдий тийм боловч хөрөнгийн өсөлт гэхээс илүүтэйгээр орлогын эх үүсвэр болгож буйг хөрөнгө оруулалтын томоохон компаниуд тодотгож байна.