
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) – АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан импортын тарифаа 25 хувь болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр БНСУ-ын Үндэсний ассамблей 2025 онд эцэслэн тохиролцсон худалдааны гэрээг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа аж.
Нэмэлт тариф нь автомашин, бэлтгэсэн мод, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг бусад бүх харилцан тарифтай бүтээгдэхүүнийг хамарч буйг Дональд Трамп цахим хуудсаараа мэдээлжээ.
Хоёр орны хооронд байгуулсан худалдааны гэрээний дагуу одоогоор БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд 15 хувийн тариф ногдуулаад байгаа юм.
Хэрэв нэмэлт тариф хэрэгжиж эхэлбэл “Hyundai Motor” зэрэг БНСУ-ын экспортлогч компаниудын бүтээгдэхүүн АНУ-д илүү өндөр үнээр худалдаалагдах, улмаар зах зээл нь хумигдах сорилт дагуулахаар байна. 2024 онд “Hyundai Motor” компани АНУ-д 1.1 сая автомашин экспортолж байжээ.