logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2026 онд Нийгмийн даатгалын сангийн орлого ₮7.8 их наяд, зарлага нь ₮6.6 их наяд төгрөг байхаар байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 27 10:00
    238

    Зургийг: Э.Тэнгис

    2025 онд нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.5 сая хүнд 2.4 их наяд төгрөг олгожээ

    Нийгмийн даатгалын санд 2026 онд нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх бол нийт зарлага нь 6.6 их наяд төгрөг байхаар батлаад буй. Өөрөөр хэлбэл 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлтэй харьцуулахад орлого нь 17 хувиар, зарлага нь 12.5 хувиар тус тус өсөхөөр байна.

    7.8 их наяд төгрөгийн орлогын 3.2 их наяд төгрөгийг ажил олгогчоос, 2.5 их наяд төгрөгийг  ажиллагчаас төлөх шимтгэл эзлэхээр тооцоолжээ. Мөн Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас 1.6 их наяд төгрөг болохоор байна.

    18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх, малчин, туслах малчин зэргийн сайн дурын даатгалын шитгэлийн тодорхой хувийг Төр хариуцдаг. 2026 онд сайн дурын даатгалын шимтгэл 13.5 хувь хэвээр байна.

    Нийгмийн даатгалын сангийн 70 орчим хувийг хөдөлмөрийн насны хүн амын ердөө 30 орчим хувь нь бүрдүүлж буй.

    Одоо мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын тогтолцоо нь ажилтны нийгмийн баталгаа болох даатгал бус, татварын хэлбэртэй байгаа тул сууриар нь цогц реформ хийх шаардлагатайг судлаачид онцолдог.

    Тэтгэврийн даатгалын санд энэ онд зургаан их наяд төгрөг төлөвлөсөн. Мөн ажилгүйдлийн даатгалын сангийн зарлагыг 190 тэрбум төгрөгөөр баталсан нь 2022 оны дүнгээс 2.4 дахин нэмэгдээд байгаа юм.

    Үүнээс гадна тэтгэмжийн болон үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд энэ онд нийт 390 гаруй тэрбум төгрөг олгохоор тооцоолсон байна.

    2025 оны эцэст Нийгмийн даатгалын сангаас 524.9 мянган хүнд тэтгэвэр олгосон бол 198.7 мянган хүнд тэтгэмж олгожээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.5 сая хүн хамрагдаж, нийт 2.4 их наяд төгрөг олгосныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих